• 12 сарын 25, Лхагва гараг
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН САНААЧИЛГА, ДЭМЖЛЭГЭЭР БАЯНХОНГОР АЙМГИЙН 341 ИРГЭНД НҮДНИЙ ОНОШИЛГОО, МЭС ЗАСЛЫН ХАГАЛГАА, ЭМЧИЛГЭЭГ ХИЙНЭ
604 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн дэмжлэгтэйгээр Канад улсын “Лаурел” Мэс заслын сан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаа тогтоож улмаар АЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулснаар нүдний нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгор аймагт 2023 оны 09 сараас эхлэн ажиллаж, төлөвлөлт үзлэг оношилгоо хийж эхлээд байгаа юм.

Алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх дээрх төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.10.02/ боллоо.

Нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Лаурэл Сангийн зохицуулагч, эмч Хью Парсонс түүний баг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлалын мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуул түүний баг , нийгмийн эрүүл мэндийн бодлого чиглүүлэгч, хэрэгжүүлэгч газар хэлтсийн удирдлага хамт олон, иргэд оролцов.

Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “ Нүдний, харааны өвчлөлд өртөн энэ хорвоо ертөнцийн олон өнгийг тод томруунаар харж чадахгүй байгаа төрөлх нутгийнхаа азай буурлууд, иргэдэд чиглэн олон шатлал дамжуулалгүй, зардал санхүүд баригдалгүйгээр орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломжийг олгон энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эмчлүүлэгчид та бүхэн маань эмч нарынхаа зөвлөгөөг сайн авч, заавар зөвлөмжийг ягштал биелүүлээрэй” хэмээн захив.

Төслийн хүрээнд “Лаурел” Мэс заслын сан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн н.Төмөрбаатар ахлагчтай мэргэжлийн баг бүрэлдэхүүн 20 сум, аймгийн төвийн 10 багийн 1231 иргэнд үзлэг хийж, мэс заслын эмчилгээ шаардлагатай 341 иргэнийг сонгож, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Жаргалант, Баацагаан, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Бөмбөгөр сумын иргэдэд давтан нүдний үзлэг хийгдэж, 19 болор, 2 далавчит хальс буюу (нүдний мах авах), 1 нулимсны сувгийн хагалгаа хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.

 

2023-10-02 00:00:00