• 12 сарын 24, Мягмар гараг
ОРОЛЦЪЁ-ХӨГЖЬЕ-ХАМГААЛАГДЪЯ УРИАН ДОР АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
217 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ОРОЛЦЪЁ-ХӨГЖЬЕ-ХАМГААЛАГДЪЯ” УРИАН ДОР АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Оролцъё-Хөгжье-Хамгаалагдъя” уриан дор Баянхонгор аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг энэ өдрүүдэд АЗДТГ, ГБХЗХГ-аас холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхсайхан чуулганы нээлтэд оролцож 20 сумаасаа ирж оролцож буй 260 гаруй хүүхэд багачуудтайгаа мэндчилэн “Манай хүүхдүүд энэ чуулганаар тулгамдаж буй асуудлаа ярьж хэлж, олон шинэлэг санаачилгыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан үнэтэй саналыг хэрэгжүүлэхэд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд бид хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэснээр тэдэнд сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэв.

Өмнөх жилүүдийн хүүхдийн чуулганаас гарсан саналыг харгалзан тэднийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд аймаг орон нутагт тодорхой анхаарч энэ хугацаанд оготнотой булагт спортын гадна талбайдыг байгуулан тохижуулж, спорт заалыг хүртээмжтэйгээр олноор байгуулж, Усан бассейн бүхий спорт цогцолбороо ашиглалтад оруулж, орон нутагт анх удаа олон улсын наадмын жишгээр Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг спортын 23 төрлөөр 190 жин, зайд амжилттай зохион байгуулан 21 аймаг 9 дүүргийн 254 ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 5000 гаруй өсвөрийн тамирчинг хүлээн авсан юм.

Мөн манай аймаг хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн орчныг нэлээдгүй сайжруулж, шинэ сургуулиудын барилга ашиглалтад орсны зэрэгцээ, 14 сургуульд дижитал кабинетыг байгуулан хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангахад анхааран ажиллаж байна.

Энэ удаагийн хүүхдийн чуулганаар тус тусын чиглэл бүхий 8 өртөөг холбогдох байгууллагууд ажиллуулж,

1. Гэр бүл дэх “Хүүхдийн хөгжил, хамгаалал”

2. Боловсролын салбар дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал”

3. Эрүүл мэндийн үйлчилгээн дэх “Хүүхэд хамгаалал”

4. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

5. Соёл, олон нийтийн үйл ажиллагаан дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал”

6. Хүүхдийн элч, СНА-тны салбар хуралдаануудыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр салбар тус бүр хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Чуулганы төгсгөлд салбар зөвлөлийн дэд тэргүүнийг сонгох аж.

Яг одоо Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын зааланд манай авьяаслаг хүүхэд багачууд өөрсдийн хийсэн бүтээлээрээ “Би ирээдүйн баялаг бүтээгч” экспо үзэсгэлэн худалдааг гаргаж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

2023-11-09 09:00:00