• 12 сарын 24, Мягмар гараг
"И-МОНГОЛ АКАДЕМИ" УТҮГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
203 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"И-МОНГОЛ АКАДЕМИ" УТҮГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Цахим Үндэстэн” баримтлах чиглэл, 2023 оны 06 дугаар 06-ны өдрийн А/53 дугаар тушаалаар батлагдсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байгаа юм.

Тэгвэл 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад ажлын хэсэг тус тус ажиллаж байна.

Одоогийн байдлаар давхардаагүй тоогоор орон нутгийн 145 үйлчилгээ цахимжсан ч аймгууд харилцан адилгүй байдлаар E-Mongolia платформд үйлчилгээгээ нэвтрүүлсэн байна.

Тухайлбал, Баянхонгор 31, Дархан-Уул 64, Дорноговь 72, Дорнод 72, Дундговь 64, Өвөрхангай 67, Өмнөговь 46, Сүхбаатар 76, Сэлэнгэ 73, Хэнтий 70 үйлчилгээг цахимжуулжээ.

Мөн эдгээр үйлчилгээг шийдвэрлэж буй процесс аймаг бүрд ялгаатай байгаа нь төрийн байгууллагуудын E-Mongolia платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээнүүдийг дахин загварчилж, үйлчилгээний тоог нэмэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia платформд нийт 86 байгууллагын 1106 үйлчилгээг нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

Мөн төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалтын судалгаа хийх, төрийн албан хаагч болон иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах юм.

Уг ажлын хүрээнд төрийн үйлчилгээний ХУРДАН цэг, сумдын операторууд, төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем (services.e-mongolia)-ийн эрх бүхий шийдвэрлэх албан хаагчдад систем ашиглалтын сургалт, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалтыг хийх аж.

2023-11-30 15:30:00