• 12 сарын 24, Мягмар гараг
“МОНГОЛЫН ТЭМЭЭН СОЁЛ” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН - БАЯР НААДАМ БАЯНХОНГОР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
236 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Хоёр бөхт тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, залуу хойч үе, хүүхэд залуучууд, иргэдэд тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн холбооноос хамтран зохион байгуулж буй “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн баяр наадам Баянхонгор аймагт өнөөдөр /2024.01.22/ тэмээн парадаар эхэллээ.

   Тэмээн соёл улсын зөвлөгөөн, баярын арга хэмжээг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээснээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн тэмээчдийн холбооны тэргүүн Б.Батбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.

    1988 оноос хойш буюу бүтэн 36 жилийн дараагаар Баянхонгор аймагт зохион байгуулж буй уг улсын зөвлөгөөнд Монгол улсын Их хурлын дарга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон эрдэмтдийн төлөөлөл, Монголын тэмээчдийн холбоод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн тэмээчид, зочид төлөөлөгчид оролцож байна.

     Шавийн хүрээний нутагт үеийн дамжин өсгөн үржүүлж ирсэн Ламын гэгээний улаан тэмээгээ энэ оны эхэнд Баянхонгорчууд үүлдэрээр батлуулж чадсан, ингэний сүүний үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр болсон зэрэг амжилттайгаар тэмээчдийн улсын зөвлөгөөнөө хийж байна.

    Зөвлөгөөнд Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Г. Тойвгоо, Монгол улсын Гавьяат малчин, Монголын анхны тэмээний Улсын алдарт уяач Ц.Шинэн нарын алдарт тэмээчид урилгаар оролцож байна.

    Уг зөвлөгөөн, баяр наадмын үеэр хурдан тэмээдийн уралдаан /3 нас/, шилмэл буур – ингэ, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулж, буйл зорох - бурантаг томох төрлөөр аваргуудыг төрөл тус бүр дээр тодруулж, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн цогц арга хэмжээг тус тус зохион байгуулах болно.

Мэдээллийг Facebook пэйж хуудсаас авах боломжтой. БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

2024-01-23 09:49:38