• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМАГ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ЭРЭЛТ, ӨРТӨГТЭЙ ИНГЭНИЙ ХУУРАЙ СҮҮГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
287 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Засаг дарга Д.Мөнхсайханы санаачилгаар Баянхонгор аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, гадаад дотоодын хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтөө сайжруулан, малчид иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаснаар өнөөдөр буюу 2024 оны 01 сард “ИНГЭНИЙ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР”-тээ эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ингэний шингэн сүүг олон улсын стандартын дагуу хатааж хуурайшуулан /ХУУРАЙ СҮҮ/ гаргаж авлаа.

     Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ын Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун нар танилцан, олон улсын стандартын үйлдвэрлэлийг орон нутагтаа нэвтрүүлсэн үйлдвэрлэгч нарт баяр хүргэн, амжилт хүсэв.

    Эхийн сүүг орлох хамгийн дөхүү боломжтой, олон талын өндөр ашиг шим бүхий ингэний хуурай сүү нь олон улсын зах зээлд 1кг тутам нь 100 доллар буюу монгол төгрөгийн ханшаар 300,000₮ өртгөөр худалдаалагддаг шигээ төдий хэмжээний хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнд багтдаг.

Тэгвэл үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг цагт 500 литр буюу өдөрт 4тн шингэн сүүг хатааж, олон улсын зах зээлд нийлүүлэх тооцооллыг гаргаад байгаа юм.

     Төслийг хариуцагч Базардарь ХХК, Ингэн эрдэнэ ОНӨААТҮГ-ын удирдлага хамт олонд баяр хүргэе.

     Баялаг нутгийн өгөөж шим өндөр байж, буянт сүргийн эздийн ашиг орлого арвин байх болтугай.

Мэдээллийг Facebook пэйж хуудсаас авах боломжтой. 


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

2024-01-23 16:00:00