• 05 сарын 11, Ням гараг
ЦАС ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ЭРДЭНЭЦОГТ СУМД АЖИЛЛАВ
222 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан цаг зудын нөхцөл байдалтай холбогдуулан /2024.02.27/ Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант гуравдугаар багийн нутаг Дээд жаргалантад ажиллаж, малчин иргэдийн нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг сонсон, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн сумын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.

   Бүрэлдэхүүнд аймгийн ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, сумын Засаг дарга Д.Цэвэгдорж, багийн Засаг дарга н.Төрсайхан, багийн эмч н.Чимэдцэеэ нар багтлаа.

     2023 оны жилийн эцэст Эрдэнэцогт сум нь 190,000 гаруй мянган мал тоолуулснаас өнөөдрийн байдлаар 2500 гаруй толгой мал хорогдоод байгаа аж. Үхэр ууландаа гарсан учраас хэр хорогдолтой байгааг хэлж мэдэхгүйн зэрэгцээ зундаа газрын гарц тааруу, цас их унасан, хүйтний эрч буурахгүй байгаа нь бага голдуу мал хорогдоход нөлөөлж буйг нутгийн малчид ярьж байна.

     Аймгийн ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, багийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийхэд нутгийн иргэдийн дунд даралт ихсэх, шөнө нойргүйдэх, ядрах, сульдах, толгой эргэх шинж тэмдэг зонхилон тохиолдож зарим шаардлагатай эмчилгээ үйлчилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч, холбогдох эм бүтээгдэхүүнийг олголоо.

    Засаг дарга Д.Мөнхсайхан цас зудыг даван туулах талаар Монгол улсын Засгийн газар, УИХ-ын тамгын газар, аймгийн Онцгой комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар малчдад тодорхой мэдээлэл хүргэн цаашид юун дээр түлхүү анхаарах талаар тэдний санал хүсэлтийг хүлээн авав. Энэ үеэр аймгийн удирдлага бидэнд нэг иргэний эрүүл мэнд ч гэсэн туйлын чухал. Малынхаа араас явсаар өөрсдийгөө орхигдуулж, эрүүл мэндээрээ хохирч мөн хайхрамжгүй хандаж болохгүй гэдгийг малчдад аа захиж байв.

    Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант гуравдугаар багийн Дээд жаргалантын аманд нийт 25 айл өрх өвөлжиж байна. Тэд ерөөс монгол хүний амны билгээс гэх холч уужуу ухааныг тээн хаврын хахирыг хэр чадлаараа даван туулна гэж дор бүрнээ өгүүлж сууна.

2024-02-28 15:00:00