• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН БҮХ СУМД ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ МАШИНТАЙ БОЛЛОО
103 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Засгийн газар, УОК-оос зудтай аймаг, сумдын малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн таван суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө.

   Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 90 хувийн цасан бүрхүүлтэй. 11 сум зудын маш их эрсдэлтэй, 9 сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Ялангуяа хангайн сумдад нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан жалга дов газартаа 20-80 см хүрсэн. Сумдад нөхцөл байдал хүнд, ялангуяа автомашины хүрэлцээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан иргэд, малчдад эмнэлгийн болон бусад төрлийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм.

   Тэгвэл өнөөдөр Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Өлзийт, Баянхонгор суманд туулах чадвар сайтай таван автомашиныг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээлгэн өглөө.

   Ингэснээр аймгийн хэмжээнд бүх сум автомашинаа шинэчлэн, иргэдэд төрийн ажил, тусламж үйлчилгээг үзүүлэхэд цаг алдахгүй байх боломж бүрдэж байна гэж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат онцлов.

   УИХ-ын даргын зүгээс сумдад шаардлагатай байгаа машин, техник зэргийг цаг алдалгүй хүргүүлэх, иргэдэд төрийн болон бусад төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхааран ажилладаг. Тиймдээ ч цаг хүндэрсэн энэ үед Баянхонгор аймгийн таван суманд автомашин хүлээлгэн өгч, иргэдэд цаг алдалгүй туслахыг захилаа.

2024-03-03 19:00:00