• 12 сарын 23, Даваа гараг
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
149 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийг Баянхонгор аймагт 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэв.

Төсөл хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжих юм. Төслөөр эдгээр зорилтот газруудын хороодод бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхыг бэхжүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулна. Түүнчлэн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажил зохион байгуулах юм.

“Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн Зохицуулагч Ч.Пүрэв-Очир “Энэ төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад түшиглэж бий болгох зорилготой. Амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг цаашид үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм. Төслийн эхний үе шат нэг жилийн хугацаатай үргэлжилнэ” хэмээн ярилаа.

Төслийн үйл ажиллагаа орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чадавх, тогтолцоог бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх, цэцэрлэгийн чадавх, тогтолцоог бэхжүүлж, хүүхдийг бага ангид дэвшин суралцах үйл ажиллагааг дэмжих, эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдэд зориулан нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлуудад чиглэнэ.

Дашрамд өгүүлэхэд, “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2024 оны 3 дугаар сарын 25-нд Япон Улсын Элчин сайдын яаманд болж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн Азийн бүсийн менежер Мицуаки Тоёода нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

2024-04-03 15:00:00