• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНЦАГААН СУМЫН УЛААН ТОЛГОЙН ХАДНЫ ОРШУУЛГА
301 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянцагаан сум: УЛААН ТОЛГОЙН ХАДНЫ ОРШУУЛГА /970 оноос 1031 онд амьдарч байсан/П

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Хар Аргалант уулын Улаан толгой нь хад асга ихтэй уулын зүүн тийш харсан амны үзүүрт ил харагдах олон тооны хадны хөмөг бүхий газарт байна.

Улаан толгойн 1-р оршуулга. Уг агуй нь хойноос урагш чиглэлтэй хөндий орон зайн тогтоцын дагуу байрлалтай. Малтлагын явцад хүний тахилзуур яс, хөмөгний мухар хэсгээс хүний хавирга, далны яс, модны жижиг хэсгүүд гарч байсан ба, төв хэсгээс хүний хөлний яс, баруун талын хана дагууд бөөгнөрсөн даавуун эдлэлийн хэсэг, далны яс, модон эдлэлийн үлдэгдэл зэрэг зүйлс гарчээ. Хөмөгний амсар хэсгээс мөн хүний хөлний яс, баруун талын амсар хэсгээс хоёр ширхэг том чулуу гарч урд талын том чулууны дээд талаас хүний эрүүний яс, модон самны хугархай, ээрүүлийн дугуй зэрэг зүйлс илэрсэн. Энэхүү хөмөгт оршуулсан хүний ясны эпифази заадал болон шүдний ясны элэгдэл зэрэгт тулгуурлан антропологичид 20-25 настай эмэгтэй хүн хэмээн тодорхойлсон юм.

Улаан толгойн 2-р оршуулга. Хөмөгний ам 250 см урт, 60 см өндөр. Уг хөмөг нь хойноос урагш чиглэлтэй хөндий орон зайн тогтоцын дагуу байрлалтай. Хөмгийг шалгахад 15 орчим см гүнээс хүний бүтэн яс илэрсэн бөгөөд гавлын яс аарцаны ясны хажууд мөн зүүн гарын яс, хөлны яснууд тарж анхны байрлалаасаа хөдөлжээ. Талийгаачийн цээжний баруун талд үйсэн савны бүтэн ёроолыг дээж харуулан тавьсан ба түүний дотор нэг хүрэл ээмэг, зүүн талын эгэмний дэргэдээс нөгөө өрөөсөн хүрэл ээмэг нь олдсон. Оршуулгын эргэн тойрноос ороомог маягийн хүрэл эдлэл, үйсний тасархай, модон эдлэл, даавууны хэсэг зэрэг зүйл гарчээ. Гавлын ясны заадал шүд болон түүний элэгдэл, аарцаг яс, гавлын ясны хөмсөгний төвгөр, хөхлөг сэртэн зэрэгт тулгуурлан талийгаачийг 20-25 настай эрэгтэй хүн байжээ хэмээн тодорхойлжээ.

Уг хадны оршуулгын хүний ясанд Япон улсын Хурдасгагч шинжилгээний хүрээлэнгийн (Institute of Accelerator Analysis Ltd) лабораторид С14-ийн шинжилгээ хийлгэхэд он цаг нь 970 оноос (95.4%) 1031 оны хооронд хэлбэлзэнэ хэмээн гарсан юм. Мөн изотопын судалгааг нэмэлт байдлаар хийлгэхэд талийгаач нь малын сүү, цагаан идээ, мах илүүтэй хэрэглэж байхаас гадна үр тариа, далайн гаралтай (гол, мөрний) бүтээгдэхүүн бага хэмжээтэй хэрэглэдэг байж болох талаарх үр дүн гарсан байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

2024-05-16 09:30:00