• 12 сарын 23, Даваа гараг
БҮЖГЭЭР ЭРҮҮЛЖЬЕ АЯН ЭХЭЛЛЭЭ
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачилан Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газар, “Хонгор”, “Шинэ ертөнц” бүжгийн клубүүдтэй хамтран Баянхонгорчууд бүжгээр амьсгалах, эрүүл мэндээ дэмжих “Бүжгээр эрүүлжье” аяныг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс эхлүүлээд байна.

Тус аяныг хүн амын дунд бүжгээр хичээллэх сонирхлыг өрнүүлж, иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бүжгийн спорт, нийтийн бүжгийн дасгал хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор зохион байгуулж байна. Бүжгээр эрүүлжье аяныг 1 жилийн хугацаанд өрнүүлж, долоо хоног бүрийн Баасан гаригийн 18:00-20:00 цагт, Бямба гаригийн өглөөний 07:00-09:00 цагийн хооронд Баганат талбайдаа зохион байгуулна.

Ирэх намрын 10 дугаар сарын 01-нээс эхлэн аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөсөн. Аяны хугацаанд мэргэжлийн байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн дасгалууд, шугаман бүжиг, цэнгээнт бүжгийн төрлүүдээс зааж сургаж, эзэмшүүлэх, дадал болгоход түлхүү анхаарч хамтран ажиллана.

Аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг алдаршуулан урамшуулна.

Баянхонгорчууд та бүхнийг жилийн турш зохион байгуулагдах “Бүжгээр эрүүлжье” аяндаа идэвхи санаачилгатай оролцож, эрүүл чийрэг бие бялдартай, цог золбоотой, амьдралын эрч хүчээ нэмэгдүүлсэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлсэн иргэд болохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

 

2024-05-29 19:00:00