• 12 сарын 23, Даваа гараг
"ТӨРИЙН АЛБАНЫ БАЯРЫН ӨДӨР"-ӨӨР АЙМГИЙН 6 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 18 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
137 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх журам"-д заасны дагуу Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол"-ыг зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тогтоолоор түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад "Төрийн албаны өдөр"-ийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоосон байна. Энэ өдөр аймгийн 6 төрийн байгууллагын 18 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Ёслолын үйл ажиллагааг Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал нээж, үг хэлэв. Тэрээр төрийн албаны баярын өдрийг тохиолдуулан тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэж, төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай, ёс зүйтэй, төрийн албаны зарчмыг баримталж хуулийн хүрээнд үнэнч, шударга ажиллахыг захив.

Тус ёслолын үйл ажиллагаанд Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүн Ө.Амаржаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа болон бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Нийт төрийн захиргааны албан хаагчдын эгнээнд багтсан Та бүхэнд ажлын амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, иргэнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсэн ерөөе.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-07-03 15:00:00