• 12 сарын 22, Ням гараг
АЙМГИЙН 16-Р ЦЭЦЭРЛЭГ, “ЭНХБҮРД” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГСЭЛ, ЗАСВАРЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
76 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт хэрэгжиж буй Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төсөл нь сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, эрт оролцоог хангахад эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн ахуй орчныг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулахад чиглэж байгаа билээ.

Төслийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн ахуй орчныг сайжруулах зорилгоор аймгийн 16-р цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих цэцэрлэгийн дэд бүтцийн засварын ажил хийгдэж 5 ангийн ариун цэврийн өрөөнд зориулалтын угаалтуур, суултуур туслах тоноглолын хамт суулгах, коридорын хананд туслах бариулыг хийж гүйцэтгэжээ.

Мөн “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвд нярай болон балчир насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, туслах хэрэгслийн засварын ажил хийгдсэн юм.

Төслийн удирдлагын багийн гишүүдийг төлөөлөн Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын НБХ дарга В. Наранчимэг, ХИС-ийн төслийн ажилтан Н.Мөнхзаяа нар тус цэцэрлэгт байгуулж буй “Хүүхэд хөгжлийн танхим”-д зориулан сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх ном, багц тоглоомыг, “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвд хүүхдийн жин хэмжигч, хараа шалгах төхөөрөмж, анхны тусламжийн иж бүрдэл, үзлэгийн үед хэрэглэх тоглоом гэх мэт хүүхдийн үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал “Төслийн хүрээнд өгсөн тоног төхөөрөмжүүдийг өдөр тутмын хэрэглээнд байлгаж зохих үр дүнд хүрч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

2024-10-25 19:00:00