• 11 сарын 21, Пүрэв гараг
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 21 аймагт сургалт, хэлэлцүүлгийг хийж байна.

Тус сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.11.07) Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан 67 хаагчдыг хамруулан зохион байгуулав.

Сургалтын зорилго нь Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөд оршиж байна.

Сургалт Процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Мөн Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам” зэрэг гурван журмын төслийн танилцуулгыг хийж санал авлаа.

2024-11-07 16:00:00