• 12 сарын 26, Пүрэв гараг
Баянхонгор: "КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ"-тэй боллоо
15 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ, Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газраас хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Ногоон бүс” төслийн хүрээнд “Камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Улсын төсвийн 200,0 сая төгрөгийн санхүүлжилтээр аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан Камерын хяналтын дэд төвийн нээлтийн ажиллагаанд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын төлөөлөгчид, АЗДТГ-ын удирдах бүрэлдэхүүн, хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, сумдын дарга нар оролцов.

Шуурхай удирдлагын дэд төв нь өнөөдрийн байдлаар 256 камер, хянах хоёр төрлийн дүрс боловсруулагч төхөөрөмж ашиглах ба 128 камерын бичигч төхөөрөмж, 128 сувгийн бичигч төхөөрөмжүүд хамаарна. Төслийг орон нутгийн инженер залуучууд гүйцэтгэж, дэд төвийг 14 ширхэг дэлгэц, сейрвер, тоног төхөөрөмж бусад тохижилтын хамт хүлээлгэн өглөө.

Аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд өнгөрөгч онуудад камерын хяналтын нэгдсэн төвийг нэвтрүүлсэн улсын сайн жишгээс аймаг орон нутгийн удирдлагууд туршлага судалж улмаар орон нутагтаа ийнхүү нэвтрүүлж буй юм.

Энэ онд Баянхонгор аймгийн 13 сумд 596,5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 222 камерыг шинээр суурилуулсан бол аймгийн хэмжээнд хяналтын 332, иргэн, ААН, байгууллагын 1187 камер, хөдөлгөөнт 32, чиглэлийн 287, дугаар илрүүлэгч, дундаж хурдны найман камер тогтмол ажиллаж байгаа аж.

2024-12-04 19:00:00