• 12 сарын 22, Ням гараг
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогторжилтыг хангах нь” төслийн ГОВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 арга хэмжээ Баянхонгор аймагт болов
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Говийн бүсийн түншлэлийн форум-2024” арга хэмжээ Баянхонгор хотод боллоо.

Арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай аймгийн 7 сумын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 100 гаруй төлөөлөл оролцов.

Өнгөрсөн хугацаанд говийн бүсэд бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуй эрхлэх чиглэлд малын чанар, үүлдэрийг сайжруулах ажлыг хурга махлуулах туршлагатай хослуулан хэрэгжүүлснээр богино хугацаанд хурганы амьдын жинг 40-50 кг-д хүргэж эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх урамшууллын тогтолцоог санаачлан хэрэгжүүлснээр төслийн бүс нутагт малын тоо сүүлийн 2 жилд 20 гаруй хувиар буурсан үр дүн гарсан байна. Мөн бэлчээр тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд хадлангийн талбай, бууцны хөлд ногоон тэжээл тариалах, дарш бэлтгэх болон дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх замаар малчдын амьжиргааг дэмжих чиглэлд цахилгаан хайчаар хонины ноос хяргах, ангилах практик сургалтуудыг зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг малчны бүлэг, нөхөрлөл, малчдад үзүүлсэн зэрэг олон сайн туршлагуудыг танилцуулж байгаагаараа онцлог бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ болсон байна.

Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн говийн бүс нутгаас шалгарсан 14 малчдад гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачлага, дэмжлэгээр дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж нийт 85 малчныг шагнаж, урамшуулсан юм. Байгальд ээлтэй малчид өөрийн нутаг орны байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй МАА эрхэлж, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд идэвх санаачлага гарган оролцож бусад малчдадаа үлгэр дуурайлал үзүүлдэг бөгөөд жил бүр сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгаруулалтын ажлыг зохион байгуулж өргөмжилдөг аж.

2024-12-02 11:00:00