• 12 сарын 22, Ням гараг
Баянхонгор: КИТЕЛИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ноос, ноолууран хувцас залгаж оёх кителийн үйлдвэр Баянхонгор аймагт ашиглалтад орлоо. Ажлын байрыг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Баянхонгор аймаг 80-100 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийн байраа зэхэж, тоног төхөөрөмжөө татан авч, ажиллах хүмүүсээ дэмжин сургаж ирсэн.

Тэгвэл тус кителийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж ноос ноолууран хувцас залгаж оёх туршилтын захиалгаа Улаанбаатар хотын үйлдвэрүүдээс авч оёдол нэхээсээ эхлүүлсэн байна. Үйлдвэрийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцах үеэрээ бүтээгдэхүүнээ гологдолгүй чанартай гаргах нь манай кителчид үнэлгээгээ илүү нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн тогтмол эрэлтийг улсдаа бий болгох бүрэн боломжтой гэж онцлов.

"Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК харьяа Кителийн үйлдвэрийг “Woman ceo” клуб цаашид хариуцан маркетинг, борлуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чиглүүлж явуулах аж.

Ноос, ноолуурын салбарт ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтээгдэхүүн холбож оёх кителийн үйлдвэрийг Баянхонгор аймаг орон нутагтаа ийнхүү байгууллаа.

Кителчнээр суралцан, өөрийгөө хөгжүүлж, цэвэр тохитой ажлын байранд өөрийн хийснээр орлогоо нэмэгдүүлэх боломжийг хайж буй бол тус хамт олон та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

2024-12-03 17:00:00