• 02 сарын 05, Лхагва гараг
Баянхонгор: ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ ХОС БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
42 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлнө гэж заасны дагуу Баянхонгор аймаг 2024 онд бэлтгэл ажлыг бүрэн хангасан юм.

Тодруулбал,

1.“Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага”-ыг биелүүлж, MNS6395:2022 стандартын дагуу аймгийн Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын Монгол бичгийн албан хэвлэмэл хуудасны эх бэлтгэх, хянаж, олгох ажлыг эрчимжүүлж төрийн 180 байгууллагад 423 төрлийн 48 загвар бүхий 137,315 ширхэг хэвлэмэл хуудсаар хангаж ажиллалаа.

2.Монгол үндэсний бичгийн хэрэглээг жигдрүүлэх зорилгоор АЗДТГ-аас Хэлний бодлогын зөвлөлтэй хамтарч аймаг, сумын ИТХ, ЗДТГ, төрийн бүх шатны байгууллагын архив, бичиг хэргийн 579 ажилтныг гурван хэсэг болгон мөрдөх стандарт, программ хангамж, монгол бичгийн арга зүйн талаар есөн удаагийн давтамжтай сургалт дадлагыг явуулж, захирамж, тушаал, албан бичгийг хослуулан хэрэглэж эхлээд байна.

3.Төрийн нийт байгууллагууд захирамж, тушаал, албан бичгээ үндэсний Монгол бичгээр бичиж бэлтгэх, харилцан солилцох туршилтыг 2024 оны 06 дугаар сарын 01-ээс аймгийн хэмжээнд эхлүүлсэн.

4. Архив, бичиг хэргийн нийт ажилтнуудыг 2024 оны 12 дугаар сард Монгол үндэсний бичгийн түвшин тогтоох шалгалтад хамруулсан зэргээр бэлтгэл ажлуудыг Баянхонгор аймаг шат дараатайгаар хангаж, 2025 оны 01 сарын 01-ээс төрийн хэргийг хос бичгээр албан ёсоор хөтөлж эхэллээ.

2025-01-02 17:45:00