• 03 сарын 12, Лхагва гараг
Баянговь сум: ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН СУМЫН ТӨЛЧИД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өвлийн адаг сарын шинийн найман, есөнд Баянговьчууд малчид төлчдийн зөвлөгөөнөө зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Буянтогтох нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Зөвлөгөөнийг сумын ИТХ-ын дарга Ц.Чогийжанцан, Засаг дарга В.Батжаргал нээж үг хэлснээр аймгийн удирдлага орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, цаашдын төлөвлөлтийн талаар бодит мэдээлэл өгөв.

Засаг дарга Д.Мөнхсайхан 2024 - 2028 онд хэрэгжүүлэх томоохон төсөл төлөвлөлтүүдээс онцлон

Дулааны станцыг ашиглалтад оруулах

Хотын инженерийн шугам сүлжээний хоёрдугаар хэлхээг байгуулах

Усан цахилгаан станц эхлүүлэх

Говийн сумдын чиглэл автозам тавих

Хангайн сумын чиглэлд автозам тавих

Баянхонгороос Цэцэрлэг хот хүртэл авто замаар холбох стратегийн томоохон төслүүдээ нэрлээд, орон нутгийн онцлог давуу талаа ашиглан нэг нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улмаар олон улсын зах зээлд гаргах тухайдаа танилцууллаа.

Баянговь сум нь Засаг захиргааны таван багтай, нийт 691 малчин өрх 215.484 толгой малтайгаас 176 мянгыг ямаан сүрэг эзэлж байна.

Төрөлх сум орон нутагт тулгамдсан асуудлыг ажил хэрэг болгохоор зорьж, аймгийн хурлын төлөөлөгч Ц.Буянтогтох соёлын төвийн агааржуулалт, үүрэн холбооны сүлжээг сайжруулах, шинээр байгуулах, төрийн байгууллагын автомашин шинэчлэлт, зэвсэгт хүчний дугаар ангийн байрны засвар зэргийн асуудлуудад шийдэл гарган, дэмжлэг авахаар ажиллаж буй аж.

Энэ үеэр сумын цэцэрлэг, сургууль, зэвсэгт хүчний дугаар ангийн үйл ажиллагаатай аймгийн удирдлага танилцаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бол 45-аас дээш насны бүх иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулахыг сумын дарга нарт чиглэл болгов.

Зөвлөгөөний хүрээнд аймгийн ХХААГ, МЭГ, НДГ, УБХ-ийн холбогдох дарга мэргэжилтнүүд малчдад чиглэсэн шинэ тутам мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллав.

Зөвлөгөөний төгсгөлд сумаас хөдөө аж ахуйн салбарын зарим шилдгүүдээ тодруулж, шагнал хүндэтгэлээ гардууллаа.

2025-02-06 16:00:00