• 05 сарын 10, Бямба гараг
“АТРЫН IV АЯН” ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
46 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ХХААГ-аас “Атрын IV аян” тариаланч, ногоочдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2025.04.06/ зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, АЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Г.Энхбаяр, аймгийн ХХААГ-ын дарга У.Балжинням нарын удирдлага, холбогдох мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймаг газар тариалан эрхлэгчдээ бодлогоор дэмжиж энэ салбарт 30 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Сум бүр газар тариалангийн трактор холбогдох тоног төхөөрөмжөөр хангагдан, хүлэмжийн тариалалтын /өвөл зуны хүлэмжийн парк/ дэмжлэгийг шинэ түвшинд гаргасан жишээ олон байна. Энэ нь 2022, 2023 оны газар тариалан эрхлэгчдээс гарсан санал санаачилга бүрийг ажил болгосон хэрэг. Гэвч тариалан эрхлэгчдийн маань үйл ажиллагаа нь тодорхой цар хүрээг тэлж өгөхгүй, үр дүнг дээшлүүлсэн зүйл хомс байна. Иймээс ярьж хэлж байсан зүйлээ хөрсөн дээрээ хэрэгжүүлж, тодорхой өсөлтийг гарган ажиллахад орон нутгийн тариалан эрхлэгчид нэгдэн нийлж, анхаарах шаардлагатай байна” гэж анхааруулав.

Баянхонгор аймгийн хэмжээнд 863 иргэн газар тариалан эрхэлдэг ба 25-55 насныхан эзэлж байна. Бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд фермерийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, биотенологийн парк, хонины ноосон бордооны үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн кластер, газар тариалангийн дэд төсөл, агро ойн аж ахуйг хөгжүүлэхээр бүсийн хэмжээнд зорьсон ба энэ хүрээнд гурван аймгийн тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Энэ онд Баянхонгор аймагт малын тэжээлийн үйлдвэр ашиглалтад орох ба хонгорчууд өөрсдөө өвс тэжээлийн ургамлаа тариалж, худалдан авалт хийдэг санхүүжилтээ орон нутагтаа авч үлдэх бодлого хэрэгжиж эхлэх юм. Үүнд орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн үүрэг оролцоо голлох байр суурийг эзлэх болно.

2025-04-06 21:00:00