• 05 сарын 10, Бямба гараг
"ХҮҮХДЭД ҮЛ ТОХИРОХ КОНТЕНТЫН ХЯЗГААРЛАЛТ БА ЦАХИМ ОРЧНЫ ЁС ЗҮЙ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
18 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2025.04.09) АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хамтран "Хүүхдэд үл тохирох контентын хязгаарлалт ба цахим орчны ёс зүй" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах, аюулгүй хэрэглээг дэмжих асуудлаар оролцогчдын санал бодлыг сонсох, шийдэл боловсруулах зорилготой.

Хэлэлцүүлэгт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, фэйсбүүк пэйж, группийн админуудын төлөөлөл оролцсон бөгөөд хүүхдэд зориулсан цахим аюулгүй байдал, ёс зүйн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд "Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийн ерөнхий ойлголт, цахим орчны эрсдэл, хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хүргэсэн бөгөөд хүүхдэд зохимжгүй контентууд, цахим хүчирхийлэл, хуурамч мэдээллийн тархац зэрэг асуудлыг онцолж, тэдгээрийг хэрхэн хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.

Түүнчлэн, цахим орчны хэрэглэгчдэд хариуцлагатай зөв хэрэглээний дадал суулгах, цахим аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг оролцогчид онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цахим хэрэглээний соёл, боловсролыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.

2025-04-09 19:00:00