• 05 сарын 09, Баасан гараг
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ДАРХАН АВАРГА, ГАВЬЯАТ ТАМИРЧИН, “АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ДАРГА, ХУРАНДАА Г.ӨСӨХБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
88 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Гавьяат тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа, улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз, улсын мэргэн Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд биеийн тамираар хичээллэхийг сурталчлах, спортын III шатны сургалтыг явуулах, ЕБС-ийн сурагчдыг хамруулан спорт өдөрлөг – нөхөрсөг тоглолт зохион байгуулж “Цэрэг - эх оронч үзэл хүмүүжил”-ийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр Баянхонгор аймагт /2025.04.24/ ажиллаж байна.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.

Засаг дарга Д.Мөнхсайхан: “Спортоор дамжуулж хүүхэд, залууст эх оронч үзэл хандлагыг өөрийн биеэр сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваа та бүхнээр бахархаж байна. Талархал илэрхийлье. Баянхонгор аймаг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч бүх насны иргэдээ сонирхсон спортоороо хичээллэх боломжийг бий болгон биеийн тамирын заал цогцолбор, гадна талбайдыг иж бүрнээр байгуулж, Монголын хүүхдийн спортын их наадмыг орон нутагтаа амжилттай хийсэн. Цаашид ч олон ажлын төлөвлөгөөтэй байна. Одоо тамирчдынхаа өсөх ирээдүйг дэмжиж “Алдар” спорт хороотой хамтран ажиллах саналтай байна” гэв.

"Алдар" спорт хорооны зүгээс Баянхонгор аймагтай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уулзалтын үеэр албан ёсоор илэрхийллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Гавьяат тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 13:00 цагт Баянхонгор аймгийн хүүхэд багачууд, тамирчидтай спорт ордонд уулзах болно.

 

2025-04-24 12:27:58