• 05 сарын 16, Баасан гараг
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗӨВЛӨХ МИЕНИ МУТУНГА БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
70 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Миени Мутунга тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2025.05.15/ Баянхонгор аймагт ажиллалаа.

Албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүүхдийн сангийн мэргэжилтэн Н.Болормаа, Л.Мөнхжаргал, Эрүүл мэндийн яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Ж.Алтансувд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Оюундэлгэр нар багтсан юм.

Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал хүлээн авч уулзах үеэрээ 2017–2022 онд хэрэгжсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүн, үр нөлөө болон түүний тогтвортой байдлыг хангах хүрээнд аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр талууд эх, хүүхдийн хоол тэжээлийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийн явц, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, зөвлөмжийн хэрэгцээ шаардлагын талаар санал солилцлоо.

Албан томилолтын хүрээнд Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төв, Өлзийт сумын эрүүл мэндийн төв, Эрдэнэмандал сургууль, 6-р цэцэрлэг зэрэг байгууллагуудаар орж хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон эх хүүхдийн хоол тэжээлийн нөхцөл байдалтай танилцаж буй юм.

 

2025-05-15 16:30:00