• 05 сарын 24, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМАГ СЭЗИС-ИЙН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ
2 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Төрийн архивын тасгаас хүргүүлсэн хүсэлтийн дагуу Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн бүрэлдэхүүн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн төлөөлөл Баянхонгор аймагт ажиллалаа.

СЭЗИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Оюунсүрэнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хишигбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нарын удирдлагууд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр СЭЗИС нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт архивын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, тухайн чиглэлээр хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.

Архив, бичиг хэргийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх дараах бакалавр болон болон магистрын зэрэгтэй сургалтын хөтөлбөрийг танилцуулав:

Бакалаврын хөтөлбөр:

1. Хөрвөх боломжтой (1-1.5 жил) - Өмнө нь бакалаврын зэрэг эзэмшсэн иргэд шинэ мэргэжлээр дахин суралцаж архив, бичиг хэргийн чиглэлээр мэргэших боломжтой.

2.Эхлэн суралцагчид зориулсан хөтөлбөр (3 жил) - Их, дээд сургуульд өмнө нь суралцаагүй ч төрийн байгууллагад архив, бичиг хэргийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан, 30-аас дээш насны иргэд 3 жилийн хугацаанд 120-аас дээш кредит судалж бакалаврын зэрэг эзэмших боломжтой.

Магистрын хөтөлбөр (1-1,5 жил) - Архив, бичиг хэргийн чиглэлээр мэргэшин суралцаж, магистрын зэрэг эзэмших боломжтой юм.

Тус хөтөлбөрүүдийн сургалтыг эчнээ хэлбэрээр орон нутагт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд сургалтын төлбөрт 55 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдээд байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар Баянхонгор аймаг энэ онд 10-20 архив, бичиг хэргийн мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр СЭЗИС-тай хамтран ажиллаж, орон нутагт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болохыг уулзалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн орон нутагт архив, бичиг хэрэг болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжтойгоо илэрхийлсэн юм.

 

2025-05-22 00:00:00