• 05 сарын 20, Даваа гараг
С.Байгалмаа: Он дамжсан ажлуудыг ирэх жил бүрэн санхүүжүүлж дуусгана
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаагаас ирэх оны төсөвт орсон гол өөрчлөлтийн талаар тодрууллаа.

 

-Ирэх оны аймгийн төсөв батлагдлаа. Ямар онцлогтойгоор төсөөлж боловсруулсан талаар ярилцлагаа эхэлье?

-Аймгийн 2021 төсвийн бодлого маань эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлж, коронавирусний халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахад чиглэсэн.

-Төсвийн зарлагын хувьд ямар гол өөрчлөлтүүдийг тусгаснаар тогтвортой байлгахаар тооцсон бол. Мэдээж зарлагыг бууруулах, хэмнэхээс эхлэх байх?

-Коронавирусний халдвар цар тахлын эрсдэлтэй нүүр тулж ажиллаж байгаа төрийн байгууллагаас бусад төсөвт байгууллагуудын төсвийн зарлагыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилттой байгаа. 2021 оноос Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтэрнэ. Үүнд төрийн албан хаагчийн орон тоог цахим системээр хянан баталгаажуулж, давхардсан орон тоо, цалин хөлсний зардлын өсөлтийг дунд хугацаанд хязгаарлана. Мөн Төрийн албан хаагчийн гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөн, сургалт семинарын үйл ажиллагааг цахимжуулж холбогдох зардлыг хэмнэнэ гэж үзэж зардлыг бууруулж тооцоолсон.

Түүнээс гадна Засгийн газрын тогтоолоор Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, 2021 оны төсөвт орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгжийг Улсын хороонд харьяалуулахаар болсон. Түүнчлэн Сум дундын эмнэлгүүдийн байр ашиглалтын тогтмол зардал, урсгал засварын зардлыг орон нутгийн төсөвт тооцож тусгасан байгаа.

-Боловсролын салбарын урамшуулал, нэмэгдлийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон тухайд?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, лаборатори сургуулийн нэмэгдлийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Цаашид төсвийн шууд захирагч нар анги, бүлэг дүүргэлт, орон тооны жишиг нормативыг чанд баримтлан батлагдсан төсвийн хүрээнд цалингийн сан, орон тоог зохион байгуулж ажиллах шаардлагатай болж байна.

-Сангийн яамнаас манай аймгийн төсвийн орлогыг хэдэн тэрбум төгрөг гэж тооцоолсон бэ?

-Аймгийн төсвийн нийт орлогыг Сангийн яамнаас 11.2 тэрбум төгрөгөөр хянасныг 12.9 тэрбум буюу 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.  Үүнээс 9.658 сая төгрөгийн орлогыг аймгийн төсөвт, үлдсэнийг сумдын орлогын доод хязгаар байхаар хянаж тооцсон.

-Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар тухайн сум уг татварын орлогоо зарцуулах боломж бүрдээд байгаа. Ингэснээр орон нутгийн төсвийн бие даасан байдалд хэр өөрчлөлт орж байна вэ?

-Саяхан батлагдсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ.  Энэ хуулинд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь малын тоо толгойн албан татварыг бие даан тогтоох эрхийг олгосон. Мэдээж заасан хязгаарт багтааж татвар тогтоохыг уг хуулиар зохицуулсан. Тухайн сум малын тоо толгойн татвар авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн тохиолдолд орлогоо орон нутгийн хөгжлийн сандаа төвлөрүүлж, иргэд олон нийтийнхээ саналыг үндэслэн зарцуулах боломжтой болсон гэсэн үг л дээ. Бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж гээд сумандаа тулгамдсан асуудлыг ийнхүү шийдвэрлэснээр орон нутгийн төсвийн бие даасан байдал нэмэгдэх юм.

-Улсын төсөв хэлэлцэх үеэр Хэнтий, Баянхонгор аймагт хамгийн өндөр төсөвлөсөн гэх шүүмжлэл өрнөж байсан. Үнэхээр манай аймагт өндөр дүнтэй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр тусгагдсан уу?

-Гол нь 2015 оноос эхэлсэн Баянхонгор-Алтай чиглэлийн буюу Завхан, Ховд, Увс, Баян-Өлгийг нийслэлтэй холбосон 126.7 км хатуу хучилттай замын ажлын төсөв нь тийм ойлголтод хүргэсэн.

2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 95.8 тэрбум төгрөгийн 32 нэр төрлийн ажил, арга хэмжээ батлагдсан.  Эдгээрийн 25 нь он дамжиж, 70.8 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих юм. Он дамжсан ажлуудыг бүрэн санхүүжүүлж дуусгана. Харин шинээр 7 нэр төрлийн ажил, арга хэмжээ нэмж батлагдсаны нийт төсөвт өртөг нь 25 тэрбум төгрөг боловч 2021 онд есөн тэрбум төгрөг нь л санхүүжихээр батлагдсан.

-Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 2021 онд 7.8 төгрөг болж, өмнөх оноос 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна?

-Олон улсын байгууллага “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшууллыг 2021 онд 17 сум 442.9 сая төгрөг авахаар болсон. Эдгээрийг хуваарилахад, аймгийн ОНХС-нд 4.3 тэрбум, сумдын ОНХС-нд 2.9 тэрбум, Хот тохижилт болон Мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 635.4 сая төгрөг байна.

Аймгийн нийт орлого суурь орлогын зөрүү 105.0 сая төгрөг, хандив тусламжийн орлого 577.2 сая төгрөгийг ОНХС-нд хуваарилж, аймгийн ОНХС 4966.5 сая төгрөг байхаар төлөвлөлөө.

-Асуултгүй хором.

-Бид Төсвийн бүх шатны захирагч нартаа коронавируст цар тахлын эрсдэлтэй энэ хүнд үед төсвийн орлогыг нэр төрөл тус бүрээр нь шат шатанд бүрэн биелүүлж, орлогын боломжит бүхий л эх үүсвэрүүдийг дайчлан ажиллахад анхаарахыг зөвлөж байна. Мөн төсвийн сахилга батыг чангатгах, төсөв захирагчийн хувьд өндөр хариуцлагатай, хүндрэлийг даван туулахыг дор бүрнээ хичээн ажиллах юм.

Ярилцсан Б.Батгэрэл

2020-12-21 10:53:23