• 05 сарын 20, Даваа гараг
"Говь нэг сая мод" төслийн хүрээнд Баацагаан суманд 5000 ширхэг мод тарьжээ
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.04.27) Баацагаан суманд 5000 ширхэг мод тарьжээ

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс Монгол оронд хэзээ ч болж байгаагүй хүйтрэлт, ган зуд, салхи шуурга зэрэг байгалийн гамшиг эрчимтэйгээр мэдрэгдэж байгаа. Газар нутгийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн асуудал, элсний нүүдэл, цөлжилт, хүн амын суурьшил зэрэг нь бидэнд тулгарч байгаа томоохон асуудлууд юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон хүчин зүйлс байгаа ч нэн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтийг зөв зохистойгоор шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд ойн үзүүлэх нөлөө асар их байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч ногоон хөгжлийг  тэргүүнд тавиад байна. Иймд "Говь нэг сая мод" төсөл Монгол орныг ногоон болгохоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.  

Хөрс, бэлчээрийн доройтлыг бууруулах, хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх замаар ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой уг төсөл Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт 5000 ширхэг модыг тариад байна. Цөлжилт явагдсан говийн сумдад ойн зурвас бий болсноор ус хамгаалах, зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Мөн цөлжилтийг бууруулах, орлогын шинэ эх үүсвэртэй болох зэрэг нийгэм-эдийн засгийн  олон талт ач холбогдолтой юм.

Нэн ховор чихэр өвсний талбайг хамгаалахаар “Говь нэг сая мод” төсөл ойн зурвас байгууллаа

Чихэр өвс дэлхийн хэмжээний ховор ургамлын нэг. хятад, солонгос, япончууд бүгд авч байгаа нь учиртай. Энэ ургамал Монголын уламжлалт анагаах ухааны 60 гаруй тангийн найрлагад ордог. Харамсалтай нь тооцоогүй, замбараагүй ухаж аван, буруу аргаар олборлосноос тархац, нөөц нь багасч, цөлжилт үүсэх, устах аюулд ороод байна. Манай оронд Баянхонгор аймгийн Баацагаан суманд чихэр өвсний гол тархац байдаг. Зөвхөн чихэр өвсний үрийг гэхэд 1 кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авч байгаа нь гадагшаа ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харж болно. Иймд уг чихэр өвсний талбайг хамгаалах зорилгоор 17 м өргөн, 500 м урттай хашаанд 3 эгнээ, 5000 ширхэг бургас модыг шуудуу татан суулгаж, гүний худаг гарган, шангаар усалгаагаар услан 100 хувийн ургалттай, байнгын харуул хамгаалалттай ой зурвасыг байгуулаад байна.

Баацагаан сум нь сүүлийн жилд бэлчээрийн чанар муудсан, цөлжилтэй, ган зуд ихтэй байгаа. Чихэр өвсний талбайг хамгаалах ойн зурвас нь таван жилийн дараа байгальд үлдэх бөгөөд суурьшлын бүс болох боломжтой. Зөвхөн мод гэлтгүй усалгааны системийг ашиглан хөрс сайжруулах зорилготой, уургийн агууламж өндөртэй, олон наст буурцагт тэжээлийн ургамал тариалах боломж бүрдэж байгаа аж. Байгальд зориудаар ойжуулах ажлын цар хүрээг эрс нэмэгдүүлэх замаар хүрээлэн байгаа орчны экологийн доройтол, дэлхийн дулаарлын хор уршгийг багасгаж, цөлжилт хуурайшилтыг тогтоон барьж, ойн экологийн ач холбогдлыг дээшлүүлэхэд хүн бүрийн оролцоо, зөв хандлага зайлшгүй чухал байгаа юм. Иймээс "Говь нэг сая мод" төсөл говь, цөлийн бүсэд ногоон хөгжлийг дэмжсэн ажлын байрыг нэмэгдүүлэх аргаар нутгийн ард иргэдийн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, хөдөө, орон нутагт эдийн засгийн өсөлтийг бий болгохоор зорин ажиллаж байна.

2021-08-05 08:32:17