• 05 сарын 20, Даваа гараг
Шинэ суурьшлын бүсэд 100 айлын орон сууц ашиглалтад орно
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.09.17)  Баянхонгор хотыг тэлэх зорилгоор эхлүүлсэн шинэ суурьшлын бүсэд 1700 айлын 32 орон сууц барихаас энэ онд 50 айлын хоёр орон /нийт 100 айл/ ашиглалтад орох юм байна. Мөн эрүүл агаарт амьдрах хүсэлтэй айл өрхүүд тухайн бүсэд хашаагаа эзэмшиж, амины сууц барьж эхэлжээ.

Шинэ суурьшлын бүсэд иргэд ийнхүү суурьшиж эхэлсэн бөгөөд 14 ортой эмнэлэг,  670 хүүхдийн сургууль 10 дугаар сард ашиглалтад орох юм.

Тус бүсэд цэвэр, бохирын систем, эрчим хүчний систем зэрэг дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байна. Тодруулбал, төвийн системээс тухайн бүс рүү цэвэр усны шугам тавигдаж, холболтын ажил хийж байгаа бол бохирын шугамын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Эколос Монголия” ХХК эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Цэвэр, бохирын шугам сүлжээ тавих, холбох ажлыг 10 дугаар сард дуусгаж эмнэлэг, сургууль, орон сууцууд энэ оны 11 дүгээр сарын нэгэн гэхэд халаалтаа бүрэн хэмжээнд авч эхлэх аж. 

Баянхонгорынхон энэ бүсдээ тулгуурлан эдийн засгаа тэлэх, аймаг өөрийн орлогоо нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн эрэлт нийлүүлэлтийг тогтвортой, чанартай байлгах үүднээс орон нутаг бодлого гаргаж ингэний сүүний үйлдвэр байгуулах, мах, ногооны зоорь барих ажлуудаа эхлүүлээд байна.

Ирэх онд төлөвлөгөөний дагуу барилга бүтээн байгуулалт, зам, ногоон байгууламжийн ажлуудыг үргэлжлэн хийх юм байна.

 

2021-09-27 01:31:41