• 11 сарын 21, Пүрэв гараг
Баянхонгор “Цахим жишиг аймаг” болохоор ажиллаж байна
654 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор “Цахим жишиг аймаг” болохоор ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Юнител групп, Жи-мобайл зэрэг байгууллагын удирдлагын баг энэ амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.

Баянхонгор аймаг нь 2013 онд “Цахим архив – Баянхонгор” хөтөлбөрийг баталж, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагааны баримтыг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалж, улсдаа “Цахим архив” -р тэргүүлэх аймаг болжээ. Мөн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа албан бичиг солилцоог цахимжуулахын зэрэгцээ “Ухаалаг Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд айл өрхийн цахилгаан тоолуурын систем болон гэр хорооллын усан сангуудыг бүрэн ухаалаг системд шилжүүлээд байна. Тус аймаг нь 2016 онд төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, 6 байгууллагын 198 үйлчилгээг нэг цонхноос авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Баянхонгор аймгийн 20 сумд “e-mongolia” системийн операторууд ажиллаж төрийн 56 тодорхойлолт, лавлагааг иргэдэд гарган өгч үйлчилж байна. Үүний зэрэгцээ, “И-Монгол” академийн багтай хамтран аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын олон шатлалт 31 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системээс авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ хүрээнд  ухаалаг гар утсаараа төрлийн үйлчилгээг хэрхэн авч болохоос эхлээд тоон гарын үсгийн хэрэглээ, ач холбогдол, цахим боловсролын талаар нутгийн иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх зорилготой “Дижитал Баянхонгор” өдөрлөг Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилгын хүрээнд хэрэглээнд нэвтрүүлсэн D-Parliament аппликейшний талаар танилцуулж, хууль тогтоох үйл хэрэгт эрхийнхээ дагуу оролцоогоо хангахыг уриалав. Мэдээллийн технологийн дэвшил бүхий л салбарт хөгжлийн хурдасгуур болсон тул Монгол орны хаанаас ч иргэн танд зориулсан бүх төрлийн боломж, үйлчилгээг ухаалгаар ашигладаг болоход цахим боловсролыг түгээх, эзэмших нь хамгийн чухал гэдгийг тэрбээр онцлов.

Мөн өдөрлөгийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичгийн талаар нутгийн захиргааны албан хаагчид болон иргэд, олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын хувьд “Цахим Үндэстэн” болох зорилгыг дэвшүүлж буй. Гэхдээ энэ бол зөвхөн төрөөс баримталж буй бодлого биш монгол залуучуудын нэгдсэн мөрөөдөл, зорилго гэж бид харж байгаа. Тиймээс “Цахим Үндэстэн” хэмээх стратегийн бодлогын баримт бичгийг баталсан. Бид мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цомхон чадварлаг төрийг бэхжүүлж, өрсөлдөх чадвартай бүтээлч иргэд, дижитал эдийн засгийг цогцлон хөгжүүлэх монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд дээрх зорилгыг тавин, хэрэгжүүлж байна. Энэ зорилгын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэй, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур зэрэг зургаан зорилтыг тавьсан талаар дурдсан юм.

Мөн тэрбээр мэдээллийн технологи гэдэг нэг салбар, нэг хот эсвэл гадаад улсын асуудал байхаа больчихсон. Мэдээллийн технологи бүх улс үндэстний хөгжлийн хурдасгуур болчихсон гэдгийг онцолсон юм. Иймд цахим шилжилтийг амжилттай хийхэд иргэдийн оролцоо чухал гэдгийн онцлон тэмдэглэв.

Харин ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим аймаг” концепцыг баянхонгорчуудад танилцууллаа.

Тэрбээр “аймгууд өөрсдийн онцлогт тулгуурлан цахим шилжилтийг хийх бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүний бий болгох бөгөөд тухай албан тушаалтан нь аймгаа цахимжуулах асуудал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, иргэдээс  авч буй өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах, төрийн байгууллагаас биеэр очиж авдаг үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах, төлбөр тооцоог 100 хувьд цахимд шилжүүлэх,аймаг бүр өөрийн онцлогтоо тохируулан цахим шилжилтийг хийх, ингэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хяналт удирдлагын нэгдсэн системтэй болж, дата өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх үйлчилгээний төвтэй болох, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг тэрбээр аймгийн нутгийн захиргааны албан хаагчид болон иргэд олон нийтэд танилцуулсан юм.

Баянхонгор аймаг нь цаашид мэдээллийн технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим аймаг” хөтөлбөрийг боловсруулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байгаа аж.

Цахим жишиг аймаг болох зорилттой Баянхонгор аймгийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, банк санхүү, үүрэн холбооны операторууд зэрэг нийт 46 байгууллага өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл, заавар өгч, шуурхай үйлчилж ажиллаа.

 

 

2023-01-10 13:31:44