• 12 сарын 23, Даваа гараг
Э.Энхбат: Цаашид жилд хоёр удаа баянхонгорчууддаа зориулан “БАЯРЛАЛАА” арга хэмжээг зохион байгуулна
261 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн удирдлагууд, аймгийн МАН-ын хорооноос шинэ оны босгон дээр ард түмэндээ зориулж “Баярлалаа” шоу цэнгүүнийг зохион байгууллаа.

 

Урьд хожид болж байгаагүй энэхүү шоу цэнгүүнийг хэн хүний  сэтгэл ханамжид нийцэхүйц өндөр хэмжээнд зохион байгуулсанд иргэд талархалтай байна.

Тус арга хэмжээний хүрээнд иргэд дулаацах галтай тулга, халуун аарц, чацаргана, шорлог хуушаараар үйлчлэх павилонууд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ. Өнгө өнгийн гэрлэн дунд гялалзан анивчих гацуур үзэмжтэй харагдана. 12 жил, шинэ, хуучин он, муурын байшин гулгуур зэргийг мөсөөр урласан нь мөнөөх гэрлийн гялбаанд  гялтганана. Иргэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо төв талбайдаа цуглаж, зураг авахуулах самбарын өмнө нүүр дүүрэн инээмсэглэлтэй зогсохыг харахад эл арга хэмжээг санаачилсан аймгийн ЗДТГ, МАН-ын хороо, зохион байгуулсан ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагчид БАЯРЛАЛАА гэж олонтаа хэлмээр санагдаж байв.

 

 

Баянхонгорчууд амжилт бүтээлээр дүүрэн хүүчин ондоо баярлалаа хэмээн үдэж, аз хийморь бэлэгдсэн шинэ оноо сайн уу хэмээн халуун дулаанаар ийнхүү угтлаа.

 

Тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Чандмань Баянхонгор компанийн захирал Э.Энхбат ажиллажээ.

 

Түүнээс “Баярлалаа” арга хэмжээний талаар тодрууллаа.  

Баярлалаа арга хэмжээ, үдшийн цэнгүүн урьд хожид байгаагүй сайн зохион байгуулалттай, үзэж харах зүйл ихтэй болсныг иргэд ярьж байна. Зохион байгуулалтад онцгой анхаарч ажилласан та бүхэнд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Зохион байгуулах ажил хэзээнээс эхэлсэн бэ?

 

Баянхонгорчууддаа “Баярлалаа” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Шинэ жилийн баярын арга хэмжээг талбай дээр тэмдэглэн өнгөрүүлэхэд хамгийн гол нь орчныг бүрдүүлэх чухал. Тиймээс гэрлэн чимэглэлийг түлхүү ашиглахад анхаарсан. Мөн “Баярлалаа” арга хэмжээнд байгууллагуудыг татан оролцуулж бүгд их бага хэмжээгээр оролцсон. Тухайлбал, цэргийн  339 дүгээр анги бүх талын туслалцааг үзүүлж оролцсон. Номундалай ахлах сургууль зураг авхуулах стэндүүдийг 3D байдлаар бэлдсэн. Манай “Чандмань-Баянхонгор” ХК зураг даруулах стэндүүд болон тулганд түүдэг галыг асааж, талбай дээр цугалсан хүмүүсийг дулаацуулах, тойрон бүжиг хийх нөхцлийг бүрдүүлсэн.  Мөн бусад байгууллагууд иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчлэх гээд бүх  байгууллагын оролцоо маш сайн байсан. Ажлыг зохион байгуулах комиссын даргын хувьд урьд жилүүдийн шинэ жилийн баяруудаас  нэг шат ахисан баярын арга хэмжээг зохион байгуулж чадсан.

 

Харамсалтай нь 12 дугаар сарын 29-ний орой мөсөөр хийсэн 12 жилийг зориудаар чулуугаар цохиж эдвэлсэн байсан.  Тиймээс бид 30-ны орой дахин хийсэн.

 

Байгууллагууд азын сугалааг ивээн тэтгэж хамтран оролцсон нь иргэдийн хувьд баярын бас нэг бэлэг болж чадсан шүү?

 

Баярын үйл ажиллагаанд бүх байгууллагууд хамтран оролцсон нэг хэлбэр нь  шинэ оны босгон дээр азын сугалааг зохион байгуулж, нэг байгууллагаас хоёр бэлэг бэлтгэсэн явдал. Ард түмэндээ байгууллагынхаа нэрийн өмнөөс “Баярлалаа” гэж хэлэн бэлэг суглуудсан. Ер нь энэ арга хэмжээ ард иргэддээ, иргэд маань харилцан нэг нэгэндээ баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлж шинэ оноо угтахад чиглэгдсэн. Энэ маань ч цаг үе, нүдээ олсон сэдэв, зөв өнцөг байсан нь арга хэмжээний үеэр харагдаж байсан.  Хүнээс сонсч болох хамгийн сайхан үг юу вэ гэж асуувал хайртай гэсэн үгийн араас БАЯРЛАЛАА гэдэг үгийг онцлож хэлэх байх. Энэ утгаараа баярлалаа гэдэг үгийн үнэ цэнэ, мөн чанар өргөн хийгээд чухал юм. Цаашдаа ч нэг нэгэндээ баярлалаа гэдэг үгийг байнга хэлж хэвшинэ гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа үдшийн цэнгүүний үеэр хичнээн азтан тодорсон бэ?

 

Бэлэгдэлээ бодож 2017 сугалаа хэвлэсэн. Талбай дээр яг хичнээн хүн цугларсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан талбай дүүрэн хүн цугларсан байснаас 2017 хүний 10 хувьд нь бэлэг гардуулж баярлуулж чадсан. Мөн супер шагналууд болох 32 инчийн телевиз, угаалгын машин, тоос сорогч, печ зэрэг цахилгаан хэрэгслүүдийг бизнесийн байгууллагууд ивээн тэтгэсэн . Энд онцлон дурдвал Гал хонгор ХК, RMB  компани, Хаш гоёо, Чандмань Баянхонгор ХК, Баянхонгор эрчим хүч,  Хот тохижилт, Шижир аранжин гэх мэт аж ахуйн нэгжүүдийг хэлж болно.  Шинэ оны босгон дээр азтан болоод гэртээ харьсан хүмүүст баяр дээр нь баяр нэмж чадсан байх аа.

 

Урлагийн тоглолтууд үзэгч олныг баясгаж чадсаныг энд дурдах нь зүйтэй. Тоглолтыг ямар байдлаар зохион байгуулсан бэ?

 

Орчны тохижилт сайхан байхын зэрэгцээ урлагийн номерууд чанартай, цаг үеийнхээ онцлогийг харуулсан байх ёстой. Энэ ажил аймгийн ХДТ болон хүүхдийн Тэмүжин театрын хамт олон сэтгэл гаргаж ажилласанд талархаж байгаагаа илэрхийлье. Сэтгэл шингэсэн бүхэн амьтай болдог. Өвлийн хүйтэнд биднийг юу хийж, ямар зүйл үзүүлэх бол гээд төв талбай дээрээ цуглачихсан түмэн олныгоо уйдаахгүй, хөгжөөж цэнгүүлж чадсан тус хоёр театрын хамт олонд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

 

Дараа дараагийн шинэ жилийн баяр ийм байдлаар зохион байгуулагдах уу?

 

Ирэх жилүүдэд “Баярлалаа” шинэ жилийн арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдана. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, шатахуун түгээх станцууд зэрэг компаниуд баянхонгорчуудад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй гэсэн байр суурийг аймгийн Засаг даргын зүгээс баримталж байгаа. Тиймээс дээрх чиглэлийн байгууллагуудад үндэсний баяр наадам, шинэ жилийн баяруудыг зохион байгуулахад ивээн тэтгэж, хамтран ажиллах үүрэг даалгаварыг өгч жилд хоёр удаа баянхонгорчууддаа зориулан  Баярлалаа арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба

 

2017-01-02 08:44:05