• 12 сарын 23, Даваа гараг
Г.Батжаргал: 2018 он гэхэд дулааны станцтай болохоор зорьж байна
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа.

 

-Өвөлжилтийн нөхцөл байдал,бэлтгэл ажил хэр байна вэ?

 

-Энэ өвөл цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тааламж­тай байгаа. Гэхдээ Эрдэнэцогт, Галуут, Баянбулаг зэрэг хангайн сумдад нэмж цас орвол хүндрэх эрсдэлтэй. Эдгээр сумдад уул, гуу жалгандаа 20-40 см орчим цас орсон. Бусад сумдад өвөлжилт харьцангуй сайхан байна. 

 

Өвлийн бэлтгэл ажилд зориулж аймаг орон нутгийн төсвийн орлогоор тодотгол хийж өнгөрсөн арваннэгдүгээр сард 100 сая төгрөгийн эх үүсвэр гаргасан. Энэ мөнгөөр аймгийн нөөцөд 200 тонн өвс, 50 гаруй тонн тэжээл татсан. Улсын нөөцөд мөн нэлээдгүй хэмжээний өвс, тэжээл хадгалсан.Цаг агаар эрс хүндэрч, нийтийг хамарсан зуд болчихгүй бол өвлийг өнтэй давна гэж бодож байгаа.

 

-Мал тооллогын нэгдсэн дүн гарлаа.  Танай аймаг ямар үзүүлэлттэй гарав?

 

-Манай аймаг урьдчилсан дүнгээр дөрвөн сая 300 мянга орчим толгой мал  тоолууллаа. Өмнөх оныг бодвол мал сүргийн тоо 500 орчим мянгаар нэмэгдсэн. Баянхонгор аймаг түүхэндээ анх удаа дөрвөн саяас дээш мал тоолуулж байна. 50 орчим мянган тэмээ тоолуулж, тэмээн сүргийнхээ тоогоор Өмнөговь аймгийн дараа улсдаа хоёрдугаар байрт орлоо. Энэ онцлогоо  дагаад тэмээн сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, монгол тэмээний цусыг цэврээр хадгалж үлдэх олон талт ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахад анхаарч байна. Тал бүрт энэ чиглэлийн санаачлага, идэвхи нэмэгдсэн. Тухайлбал, “Ламын гэгээний улаан” тэмээн сүрэгт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын арга зүйн дагуу судалгааны ажил хийж, үржлийн хэсэг, омгоор батлуулахаар хүсэлт хүргүүлснээр салбарын яамнаас ажлын хэсэг ирж ажиллалаа. Мөн манай аймаг ямаан сүргийнхээ тоогоор улсдаа нэгдүгээрт орж байна. Жилийн эцсийн мал тооллогоор хоёр сая ямаа тоолуулсан. Нутгийн шилмэл омог болох Залаа Жинстийн цагаан, Бөмбөгөрийн улаан ямаатай. Малчид шилмэл омгоор ямааны чанарыг сайжруулахын зэрэгцээ хөрш, зэргэлдээ аймаг, сумдын шилмэл омгоос авч сүргийн чанарт анхаарч байна. Мал сүргийнхээ тооноос илүү чанарт анхаарах бодлогыг эрчимжүүлнэ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Төрийн торгон сүрэг хөтөлбөрийн хүрээнд төр үржлийн шилмэл малаас бүрдсэн сүрэг бий болгож,  эцэг малыг  тодорхой нөхцөлтэйгээр малчдад  өгч сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулна.

 

-2017 оны зорилтоо хэрхэн тодорхойлов. Төлөвлөсөн ажлуудаасаа хэрэгжүүлж 

эхэлсэн ямар ажил байна вэ?

 

-Мөрийн хөтөлбөртөө эрхэм зорилгоо бүтээх чадвар өндөртэй, мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрт байдлыг  хадгалсан хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсдаа тэргүүлэх таван аймгийн нэг болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2017 оныхоо үндсэн чиглэлийг баталлаа. Хамгийн гол анхаарах асуудал бол орон нутгийн нөөц бололцоо, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг дайчилж жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд орон нутгийн төсвөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах юм. Ингэснээр ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгохоор зорьж байна. Мөн эрүүл мэндийн салбарт томоохон бодлого зорилтыг хэрэгжүүлнэ. Эмч, эмнэлгийн ажилтны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил эхийн эндэгдэл улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын ёсзүй, хариуцлагад анхаарч тангараг өргөсөн эмч хүний хувиар иргэдэд үйлчилдэг болгоход бодлого чиглүүлж ажиллана. Боловсролын салбарт онцгой анхаарч байна. Аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудын бүх багш нараас нэгэн зэрэг тестээр шалгалт авлаа. Үр дүн хангалтгүй байлаа. Тиймээс багш нарыг чадавхижуулах, сургах, урамшуулах, багш солилцооны хөтөлбөрөөр шилдэг багш нарыг урьж ажиллуулах, гадаад дотоодод туршлага судлуулна.  Хөдөө аж ахуйн салбарт олон чухал ажил хийхээр бэлтгэсний нэг нь малчдын уламжлалт аргаар бэлтгэсэн сүү цагаан идээ, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг өсгөх юм. Нэмүү өртөг шингээж гадаад дотоодын зах зээлд борлуулах боломжийг эрэлхийлж байна.

 

-Эдийн засгийн хямралыг даван туулах ямар гарц эрэлхийлэв. 

Хэмнэлтийг хаанаас эхэлж хэрхэн хийх вэ?

 

-Эдийн засгийн хүндрэл аймаг, орон нутгийн хэмжээнд эрс мэдрэгдэж байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч талархууштай зүйл нь цалин, тэтгэвэр хугацаанаандаа бууж байгаа нь сайн тал болж, нийгмийн бухимдлыг хязгаарлаж  байна. Ажилгүйдэл их байна. Хэцүү амьдралтай хүн ч олон байна. Шинэ жилээр газар, агентлагийн дарга нар санаачлан айл өрхүүдээр орж, хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн юм. Иргэдийн амьдрал хүнд, ядуурлын түвшин нэмэгдсэнээс харахад эдийн засгийн хямрал иргэдийн гэрт ороод удсан нь мэдрэгдэнэ.

 

Энэ оны тухайд Засгийн газар, аймаг орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимоор ажиллах чиглэлийг өгсөн. Аль болох үргүй зардал гаргахгүй байх, нэн шаардлагатай ажил, арга хэмжээнээс бусдыг санхүүжүүлэхгүй, эсвэл хойшлуулах чиглэл барьж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд амьдрал нэн хүнд байгаа иргэдийн судалгааг гаргаж тэднийг дэмжих  ажлыг эхлүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэлэлцэж байна. Ажилгүй, орлогогүй иргэдийг бүлэг болгож, ажлын байранд зуучлах, хамтарсан жижиг бизнес эрхлэх боломжоор нь хангах замаар дэмжих юм.

 

-Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлын нэг нь уул уурхай. Уул уурхай болоод 

нөхөн сэргээлтийн асуудалд ямар бодлого баримтлах вэ?

 

-Уул уурхайд тавьж байсан хяналтыг өнгөрсөн дөрвөн жил үр дүнгүй болгосон.  Уул уурхайн компаниуд хандив тусламж аймаг орон нутагт өгсөн нэрийдлээр дураараа дургисан. Тиймээс бид уул уурхайн асуудлыг анхааралдаа авч, бодлогыг тодорхой болгоно. Удахгүй уул уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ хүрээнд ямар нөхцөл, шаардлага хангасан уул уурхайн компанид үйл ажиллагаа явуулах боломжийг олгох вэ гэдгийг тодорхой болгоно. Ер нь манай аймагт уул уурхай эрхлэхээр ирж байгаа бол холбогдох хуульд заасан бүхий л нөхцөл, шаардлагыг хангасан байх ёстой. Үгүй бол гэрээ байгуулахгүй. Бид шаардлагаа хуулийн хүрээнд тавина.

 

Нөхөн сэргээлтийн асуудал үнэхээр зовлонтой байгаа. Иргэдийн зүгээс ухсан, эвдэрсэн газруудад мал унаж байна, хүнд хэцүү байна гэдэг асуудлыг тавьдаг. Гэтэл аймаг орон нутагт нөхөн сэргээлт хийх төсөв, мөнгө байхгүй. Бид техникээр газрыг нь түрээд тэгшилчихээр доогуур нь ахиад газар ухчихдаг. Доогуур нь сэтэлж дарахгүй бол дараа жил нь цөмөрнө. Тиймээсс газрыг сонирхсон аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах замаар ажиллуулж, төгс нөхөн сэргээлт хийлгэх бодлого бий. Гэвч энд зөрчил дагуулж буй нэг асуудал нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн холбогдох хуулийн заалт байгаа юм. Энэ асуудлыг БОАЖЯ, холбогдох газруудад тавьж “Эвдэрсэн газаргүй Баянхонгор” хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх замаар нэг мөр нөхөн сэргээлт хийж, бүх сумдын Засаг дарга нарт дахин эвдлэхгүй байх, хэрэв эвдэрсэн байвал хариуцлага хүлээлгэдэг болох юм. Ингэж байж  1990 оноос хойш хэт замбараагүй явж ирсэн уул уурхайгаас үүдэлтэй газруудыг цэгцэлнэ.

 

-Аймгийн Засаг дарга нар Солонгост туршлага судлаад ирсэн. 

Ажил хэрэг болгох, хамтарч ажиллах ямар төлөвлөгөөтэй ирэв?

 

-Засаг дарга нар Солонгос улсад дөрөв хоног ажиллалаа. Энэ удаагийн айлчлалын бүхий л зардлыг Солонгосын талаас гаргасныг тэмдэглэе. Шинэ тосгон хөтөлбөрийг нүдээр үзэж, туршлага судаллаа. Манай аймагт хэрэгжүүлсэн Шинэ сум төсөлтэй харьцуулж үзэх бололцоог олголоо. Хоёр суманд хэрэгжүүлсэн шинэ сум төсөлд 34 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Харин Солонгос улсын хувьд харьцангуй төсөв зардал багатай, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжийг авч Шинэ тосгон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Айлчлалын хүрээнд тус улсын Бусан хотын аялал жуулчлалын агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныхантай уулзлаа. Далайн эргийн хот аялал жуулчлалыг үнэхээр сайн хөгжүүлжээ. Гурван сая гаруй хүн амтай хот төсвийнхөө багагүй хувийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг. 50 жилийн өмнө дайны хөлд нэрвэгдэж, өлсгөлөн гуйланчлалд автаж байсан  хотыг маш богино хугацаанд босгож чадсан нь бахархах сэтгэл төрүүллээ. Манай аймгийн тухайд тусад нь Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба байгуулж, энэ чиглэлээр шинэ түвшинд хүрэхээр зорьж байгаа. Энэ утгаараа бид Бусан хотоос суралцах, туршлага судлах, хамтран ажиллах өргөн боломж байна гэж харж байгаа.

 

Мөн бид тус хотын хог боловсруулах үйлдвэртэй танилцсан. Бусан хотын дөрвөн дүүргийн хогийг нэг л компани шийдэж байна. Аймаг төдийгүй төв суурин газруудын бэрхшээл хог болж байгаа. Тиймээс аймгийнхаа хогны менежментийг сайжруулах,  ангилж, ашиглах боломжгүй хогийг ландфилерийн аргаар булшлах төслийг хэрэгжүүлэхээр АНУ-ын талд санал тавьж, яриа хэлцэл хийж байна. Аймгийн төвийн зүүн хойно байрлах хуучин хогийн цэгийг булшилна.

 

-Энэ онд  бүтээн байгуулалт хэр хийх вэ?

 

-Бүтээн байгуулалтын ажилд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хоёр дахин буурсан. Тиймээс улсын төсөвт суулгаж өмнө нь эхлүүлээд өнөөг хүртэл дуусаагүй  ажлуудыг үргэлжлүүлнэ. Тухайлбал, 2010-2012 оны үед баригдаж байгаад зогссон иргэдийг ажилтай, орлоготой болгох нэгдсэн төвийн барилгыг  дуусгана. Богд, Баянхонгор сум, Шаргалжуут тосгонд концессын гэрээгээр баригдаж буй цэцэрлэгүүдийн барилга бий. Мөн Баянхонгор сумын дөрвөн багт концессын гэрээгээр цэцэрлэг барих асуудлыг БСШУ-ны сайдтай тохиролцсоны үндсэн дээр барьж, ашиглалтад оруулахаар болсон. Үндсэндээ аймгийн хэмжээнд зургаан цэцэрлэг барьж, СӨБ-д хүүхэд нэг бүрийг хамруулах зорилт тавьж байна.

 

Төсөвт байгууллагуудын хэмнэлт, төсвийн давсан орлогыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг судалж үзсэн. Иргэдийн саналыг үндэслэн Хуримын ордон барих ажлыг энэ онд хийхээр зорьж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хүнс хөдөө аж ахуйн яам болон аймгаас хуваарилсан 1.5 тэрбум төгрөгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийг тууштай хөгжүүлнэ. Зээл өгөөд орхидог биш Ажилсаг төвөөр дамжуулан бойжуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргахад нь маркетингийн болон бодлогоор үйл ажиллагаа нь жигдэрч, хөл дээрээ бостол нь дэмжинэ.

 

-Аймгийн төвийн утааг хоёр дахин бууруулах талаар та ярьж байсан. 

Энэ зорилт хэзээ бодит ажил болох вэ?

 

-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. Эрчим хүчний сайдтай байгуулсан гэрээний хүрээнд Солонгосын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр аймгийн дулааны станц барих ажлыг энэ онд эхлүүлж ирэх оны ачааллаас өмнө дуусгахаар гэрээнд тусгаад ажиллаж байна. Эрчим хүчний яам ч онцгой анхаарч байгаа. Нөгөө талаар аймгийн төвийн утааны дийлэнх хувийг гэр хорооллын утаа эзэлдэг. Тиймээс гэр хорооллын иргэдийн дулааныг цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх ажлыг ирэх дөрвөн жилд эрчимтэй хийнэ. Ингэхдээ 0.4-ийн шугамыг өргөтгөх, шинэчлэх, иргэдийг тарифт тоолуураар хангахаар ажиллаж байна. Энэ асуудлыг Эрчим хүчний сайдад  танилцуулж, дэмжлэг хүссэний үндсэн дээр сайдын багцаас 100 сая төгрөг шийдэж өгсөн. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг хангасны дараа иргэдийг цахилгаан халаагуураар хангаж эхэлнэ. Цахилгааны хамгийн бага тарифтай үед иргэд  цахилгаан халаагуураа ашиглана гэсэн үг. Энэ ажил хийгдсэнээр иргэдийн гал түлэх багасч, агаарын бохирдол буурч, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирна гэж харж байгаа.

 

Эх сурвалж: Зууны мэдээ

2017-01-26 08:16:04