• 12 сарын 23, Даваа гараг
Ухдаг баялагаас илүү ургадаг баялагийг чухалчилна
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ өдрүүдэд Баянхонгорчууд малчид, төлчдийн зөвлөгөөнийг хөдөө сумдад хийж байна. Энэ сарын 10-нд Бөмбөгөр сум малчид, төлчдийн зөвлөгөөнөө хийлээ.

 

Тус зөвлөгөөнд Бөмбөгөр сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн ХХААГ-ын Мал үржлийн хэлтсийн дарга С.Батаа, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Мөнхтогтох, сумын удирдлагууд, малчид оролцлоо. Тэд 2016 оны ажил, МАА-н болон газар тариалангийн өнөөгийн байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ, ирэх онуудад аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй малчид, тариаланчдад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг танилцуулж, харилцан хэлэлцсэн юм.

Баянхонгор аймгийн нийт бараа бүтээгдэхүүний 53 хувийг малын гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Харин эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуйн салбарт нийт ажиллагсадын 63 хувь нь ажиллаж байна. Өнгрөсөн онд мал аж ахуйгаас 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон тухай мэдээлэл байгаа юм. Нөгөө талаар Баянхонгор аймаг улсдаа хамгийн олон малтай таван аймгийн нэг болсон. Өнгөрсөн онд гэхэд 1,2 сая төл бойжуулжээ. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж, малчдын шинэ төл хүлээж авах хувийн бэлтгэл бүрэн хангагджээ.  

Бөмбөгөр сум 2016 оны жилийн эцсээр  255,757  толгой  мал тоолуулжээ. Үүнээс тэмээ   255, Адуу 10008, Үхэр 5726, Хонь  65247, Ямаа 174521 тус тус тоолуулсан байна. Эднийх бөмбөгөрийн улаан ямааг өнгөрөгч 2016 онд омог болгон албан ёсоор батлуулсан байдаг. Тиймээс цаашид улаан ямааны цөм сүргийн бүтцийг хадгалж, хамгаалах, энэ чиглэлийн омгоор ямаан сүргийнхээ чанарыг сайжруулахад анхаарч байна.

 

Баянхонгор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт малчдыг дэмжсэн гурван ч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг болох төрийн торгон сүрэг хөтөлбөрийн хүрээнд нутгийн шилмэл омог болсон улаан ямааг ч бүс нутгийн онцлогт тохируулан аймагтаа өсгөх ажээ.

Үүний зэрэгцээ төрөөс малчдын талаар баримтлах бодлогын дэд хөтөлбөр болж орон нутагт хэрэгжих айгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан Шинэ хөдөө, Илгээлтийн эзэн зэрэг хөтөлбөрийг малчид хүсэн хүлээж байснаа энэ зөвлөгөөний үеэр илэрхийллээ. Залуу малчдын залгамж халааг бэлтгэх, МАА-н салбарт ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Илгээлтийн эзэн хөтөлбөр өнөөдөр хэрэгжсэн ч авч ажиллуулах малчид олон байгааг хэлж байна. Мөн хөдөө гандаж гадаа, хөхөрч яваа малчдынхаа тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд ч тэд талархалтай хандаж байна.

 

Малчид мөн сумын хэмжээнд хүндрэлтэй байгаа ундны усны нөөцийг нэмэгдүүлж, уст цэгийн тоог олшруулах, ундны усны чанарыг сайжруулах шаардлага байгааг хэллээ. Үүний зэрэгцээ сумын хогийн цэгийг нэг мөр болгон цэгцлэх, одоо ашиглаж буй хогийн цэгийг дарж, малчдын өвөлжөөний бүс нутгаас зайдуу байрлуулах хэрэгтэйг удирдлагуудад захилаа. Хогон дээр хог болж буй хоёр дахь түүхий эдийг дахин боловсруулах үүднээс авдаг болбол зүгээр байгааг ч хэллээ.

 

Улсын хэмжээнд малын гоц халдварт өвчин гарч, МАА-н салбарт хүндрэл дагуулаад байгаа. Баруун аймгуудад бог малын мялзан өвчин дэгдэж, зээр, бөхөн, янгир зэрэг зэрлэг ан амьтанд хүртэл халдварлаад байгаа мэдээ бий. Харин Баянхонгор аймгийн тухайд улсдаа эрүүл бүс болж үлдсэн гурван аймгийн нэг юм. Тиймээс малчид аль болох гадны мал нутагтаа оруулахгүй байх, отор хийхгэхгүй байхыг анхаарах ёстойг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

 

Бөмбөгөр сум уул уурхайн баялаг ихтэй. Энэ байдал нь нутгийн иргэдийн амжиргааны нэг үндэс болохын зэрэгцээ байгаль, экологидоо анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм.

 

Малчдын зүгээс тус суманд голын хөндий дагасан хятадын уурхай мөнгөн ус хэрэглэж байж болзошгүй тухай удаа дараа сумын удирдлагуудад мэдээлсэн байна. Энэ мэдээллийн дагуу сумын удирдлагууд тухайн уурхайн шаламнаас дээж авч шинжлүүлсэн ч хэвийн гэсэн хариу гарчээ. Харин нутгийн иргэд энэ хариуд үл итгэж ахин дээжээс шинжилгээ авч шинжлүүлж өгөхийг хүссэний дагуу аймгийн МХГ, Онцгой байдал, Цагдаагийн газар хамтарсан шалгалт хийж, дээжийг шинжилгээнд явуулжээ. Уг шинжилгээний хариу ирсний дараа энэ асуудалд баттай хариу өгөхөөр байгааг сумын удирдлагууд хэлж байна. Аймаг, болон сумын зүгээс мөнгөн усыг хэрхэвч зөвшөөрөхгүй бөгөөд энд хатуу байр суурь баримтална гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхтөр хэллээ.

 

Бөмбөгөр сум социализмын үеэс газар тариалан эрхэлж байсан арвин туршлагатай. 200 гаруй га-д тариалалт хийж байсан энэ сумын эдийн засгийн чухал салбар цаашид газар тариалан болох боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ хүрээнд малын тэжээлийн ургамал, халтар арвай зэргийг тариалж, аймгийн зах зээлд нийлүүлж буй өнөөгийн боломжоо улам бүр тэлэх талаар энэ оноос анхаарч, ажиллаж эхлэхээр болж байна. Өнгөрсөн жил тус сумын Хунцатын услалтын системийг Засгийн газрын хөрөнгөөр сэргээн засварласан. Энэ системийг түшиглэж 70-80 га-д энэ жил тариалалт хийх боломж байгаа тул тариаланчдад шилмэл сортын үр тариаг аймаг, орон нутгийн зүгээс бодлогоор өгөхөөр төлөвлөж байна.

Газар тариаланг эдийн засгийн эргэлтэд оруулж, тариаланг жигдрүүлснээр Бөмбөгөр сум ухдаг баялагаас илүү ургадаг баялагаар амжиргаагаа залгуулж, эдийн засгаа сэргээнэ гэж тооцож байна. Эл ажил энэ хавраас эхлэх ажээ.

 

Зөвлөлгөөний арга хэмжээ амжилттай болж дууслаа. Энэ үеэр нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг хөдөөгийн малчдад гаргасан юм.

 

Мөн сумын удирдлагууд энэ оны сумын сайн малчдаа тодруулж урамшууллаа. Энэ жил Бөмбөгөр сумаас сумын сайн малчин 19 төрлөө. Тэдэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхтөр өөрийн зүгээс дурсамж, гарын бэлэг гардууллаа. 

 

2017-02-11 07:17:28