• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Бид намаа биш улсаа бодсон шийдвэр гаргалаа
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянговь суманд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Тэд тус сумын “Малчид, төлчдийн зөвлөгөөн”-д оролцож, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсов.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар ”УИХ-ын намрын чуулган завсарлаж, бид тойргийнхоо иргэд, малчиддаа чиглэсэн бодлого, хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулахаар ирээд байна. Мөн сар шинийн өмнө бид улсынхаа аварга малчныг тодруулж, тэднийхээ шагнал урамшууллыг биечлэн гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу явж байгааг дуулгая. Энэ жилээс эхлэн улсын сайн малчин хэмээх нэр томьёог Улсын аварга малчин болгож өөрчилсөн. Сайн малчиндаа улаан халзтай гэрийг мөн бэлэглэж байгааг хэллээ. Мөн тэрээр төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийн талаар танилцууллаа.

УИХ-аас малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийг баталсан. Гэтэл тэтгэвэрт гарахад малчид нийгмийн даатгалаа төлөөгүй байдаг. Тиймээс нэг удаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжийг бий болгож өгчээ.

 

Малын эрүүл мэндийн тухай хууль хэлэцүүлгийн шатандаа явж байна.

 

Малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд эрүүл байх шаардлагатай. Өдгөө малын тоо толгой өсч, бэлчээрийн даац ч хэтэрсэн. Дотоодын махны хэрэгцээгээ хангахын зэрэгцээ хөрш орнуудын зах зээлд махаа гаргах шаардлага бий. Гэвч гэрээ хэлцэл хийж урд хөрштэй мах экспортлоё гэхээр баруун аймагт малын халдварт өвчин гарлаа гээд больчихдог. Тэгэхээр мал махыг үнэд оруулахын тулд малаа эрүүлжүүлэх ёстой болж байна.

 

Уг хуулийн хүрээнд мал эмнэлгийг улсын өмчид авахаар болж байна. Мал, эмнэлэг үржлийн тасаг нэг статустай байгаа нь малын үржлийн асуудал хоцрогдож, мал чанаргүйжих асуудал гарч иржээ. Мөн малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хууль нэг байсан бол одоогийн хуулиар малын удмын сангийн тухай хууль, малын эрүүл мэндийн хууль болж хоёр салжээ.

 

Бэлчээрийн тухай хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Социализмын үед манай улс 25 сая малтай байхад бэлчээрийн даац хүрнэ гэж тооцсон бол одоо 61 сая болоод байна. Сүүлийн үеийн тооцоогоор бэлчээр доройтож байгаатай холбоотойгоор хонин толгойд шилжүүлсэнээр 80 сая малтай байх ёстой. Одоогоор 100 гаруй сая болж хэтэрчээ.

 

2009 онд бэлчээрийн тухай хуулийн төсөл дээр 65 гишүүн гарын үсэг зурсан ч батлагдалгүй буцаж байсан энэ хуулийн шинэчилсэн төслийг ирэх хаврын чуулганаар дахин хэлэлцэх аж. Гэвч батлагдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.  

 

Энэхүү хуулийн төслийг 400 хүртэлх малтай өрх дэмжсэн хандлагатай байдаг бол түүнээс дээш талтай айл өрх эсрэг байр суурьтай байдаг аж. Харин уг хуультай холбоотойгоор бэлчээрийн хураамжийн асуудал яригдана. Тодорхой малын тоо зааж, илүү гарсан малын тоо толгойгоор татвар төлж, тэр хуримтлалаараа сумын иргэд эргээд бэлчээртээ зарцуулах асуудал яригдаж байгаа юм.

 

Намрын чуулганаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийг өргөн барьж УИХ-аар уг хууль батлагдсан. Энэ хууль хэрэгжсэнээр сумын иргэд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдгийг иргэд өөрсдөө шийднэ. Иргэдийн саналд тулгуурлаж сум орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргах юм.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Г.Занданшатар улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

Улс 580 сая долларын өрийг гуравдугаар сарын 21-ний дотор төлөх ёстой. Энэ мөнгийг төлж чадахгүй бол Монгол Улсын дампуурлыг дэлхий даяар зарлах хэмжээнд хүрчээ. Хэрэв энэ мөнгийг төллөө гэж үзвэл улс вальютын нөөцгүй болохоор байна.

 

Нийтдээ манай улс өнгөрсөн хугацаанд 23 тэрбум долларын өрийн дарамтад оржээ. Улс төлөх боломжгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс зээлийн дарамтаас гарахын тулд зээл авах асуудал яригдаж байна. Хятад уу, ОУВС уу гэсэн асуудал тулгарчээ. Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллахаар боллоо.Тэд манайд дараах шаардлагыг тавьж байна. Монгол улс халамжийн улс болсон байна. Тиймээс халамжийн бодлогыг зорилтод бүлэгт өгч, долоон төрлийн зардал хасах, долоон төрлийн татвар өсгөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Ингэж чадвал 440 сая долларын зээл олгохоор тохиролцжээ. Үүний дараа Япон улстай 1,3 тэрбум доллараар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх боломжийн тухай ярилцаж байгаа аж. Энэ шийдвэр хүнд байсныг УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэллээ. Тэрээр цааш нь ”Бид намаа биш улсаа бодсон хүнд шийдвэр гаргалаа. Ойрын хугацаанд манай нам муу нэр зүүж магадгүй ч алсдаа Монгол Улс үр шимийг нь хүртэнэ” гэлээ.

 

Уулзалтын үеэр Баянговь сумын иргэд УИХ-ын гишүүн болон аймгийн удардлагуудад саналаа хэлэв.

 

Тус сумын малчин Шийрэв малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг орлогын эх үүсвэр болсон ноос ноолуур борлуулах үеэр бөөнөөр нь авдаг болох, малчин Ганбат малын гаднаас орж ирж буй бэлдмэлүүдэд төрийн хяналт сул байгаагаас мал өвчлөх үндсэн шалтгаан болж байгаа эсэх, Сургуулийн хүүхдийн хаврын хичээлийн амралтыг орон нутагт нь уялдуулж, мал төллөх үеэр цэцэг эхэд нь туслуулах зорилгоор тааруулж амраадаг болох, иргэн Мөнхбаяр өргөн хэрэглээний эм тариаг улсын эмнэлгээр, мэргэжлийн байгууллагаар дамжуулдаг байх, ингэхдээ аймгийн хэмжээнд ажиллаж буй хувийн аптекийг хааж, нэгдсэн хяналтад оруулжах, Хүсний аюулгүй байдалтай холбоотой махны ченцжүүд, махны үйлдвэрүүд, мэргжлийн байгуллагууд оролцсон аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулах, Нийгмийн даатгалд эхчүүдийн хүүхдийн тоог харгалзаж хөнгөлөлттэй хамруулах зэрэг саналыг хэлж байлаа.

 

Эдгээр санлын хүрээнд ажлын хэсгийнхэн хариулт өглөө. Тухайлбал, улсын хэмжээнд малын хувийн эмнэлэгүүдийн тоог судалж, адистатчилахаар ажиллаж байна. Ингэснээр малын эрүүл мэндийг сайжруулах, чанартай эм бэлдмэл нийлүүлэх бололцоо бий болно гэж харж байгаа аж. Мөн ХАА-н бирж гэх байгууллага ноос ноолуур авахад тодорхойлолт өгдөг газар болчихсон нь учир дутагдалтай байгаа учраас арга ажиллагааг шинэчилж, зах зээлийн шаардлага, малчдын эрэлт, хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхийг зорьж байна.  

 

Хүүхдийн тооноос хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоох асуудлыг салбарын яам, УИХ-ын түвшиндээ хэлэлцүүлгийн шатанд явж байна. Нөгөө талаар жилдээ нэгээс хоёр удаад нийгмийн даатгалын шимтгэлийг малчид ноос ноолуурын үеэр төлөх бололцоо нь малчин ба сумын нийгмийн даатгалын ажилтан харилцан гэрээ байгуулах замаар шийдэх боломжтой байдаг аж. 

2017-02-23 10:25:49