• 12 сарын 23, Даваа гараг
Г.Батжаргал: Малаасаа өмнө малчдаа анхаарах нь бидний бодлого
277 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн яг одоо ХДТ-т болж байна. Уг зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргалын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Эрхэм хүндэт малчид аа. Ажил үйлс амжилт бүтээлээрээ улс аймагтаа тэргүүлэн алдар хүндийн эзэн болсон эрхэм та нарынхаа амар амгаланг тань айлтган мэндчилье.

 

Аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогын талаар та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулж санал бодлыг тань сонсох зорилгоор өнөөдрийн энэхүү “Тэргүүний малчдын аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа билээ.

 

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт малчид нийгмийн асуудалыг хэрхэн шийдвэрлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар тов тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ.

 

Хүн бол нийгмийн хамгийн үнэт капитал. Тийм болохоор мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн өөрийн амьдрал ахуйг төдийгүй аймаг улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа мачдынхаа талаар баримтлах бодлогоо нэн тэргүүнд танилцуулах нь зүйд нийцэх бизээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд  малчин өрх 14162  тэдгээрийн нийт хүн ам 40580 байгаа бөгөөд харин малаа маллаж байгаа малчин хүн 22 001 байна. Тэдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 14-35 насны 9 321,  35-59 насны 11 075 , 60 ба түүнээс дээш насны 1605 малчин байна. Нийт малчдын 10 286 эмэгтэйчүүд байна.  Малчдын нас хүйсний харьцааг дээрх статисик мэдээнд тулгуурлан авч үзвэл аль аль талдаа зохистой үзүүлэлт харагдаж байгаа сайн тал байвч амьдрал дээр малчдын залуу халаа болсон шинэ залуу үе  мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой ажиллах хүсэл сонирхол бага байгаа нь илт ажиглагдаж байна. Энэ нь дараах учир шалтгаантай

 

1.    Хөдөө хотын ялгаа их гарч, амьдралын чанар харилцан адилгүй байгаа

2.    Шинэ залуу гэр бүлд оногдож байгаа малын тоо толгой тэдний амьдралын баталгаа болж чадахгүй байгаа

3.    Малын гаралтай түүхий эдийн үнийн уналт цаашид дан ганц мал аж ахуй эрхлэн амьдралаа авч явах бололцоогүй болгож байгаа

4.    Шинэ залуу малчдад өвөлжөө бууцны асуудал их хүнд байгаа зэрэг хэд хэдэн ноцтой гэж хэлж болохоор хүчин зүйлүүд залуу малчид төдийгүй нийт малчдад мал аж ахуйн үйлдвэрлэлийг дангаар эрхлэхэд хүндрэл учруулж байна.

 

Малаасаа өмнө малчдаа анхаарч тэднийхээ нийгмийн асуудлыг шийдэх ёстой, тэгж байж мал аж ахуйн үйлдвэрлэл уламжлал шинэчлэлийг хослуулан, шинэ нөөцөөр сэлбэгдэн хөгжиж, эзэн болсон малчиндаа ч, эх орон, нутаг усандаа ач тусаа өгөх ёстой. 

Суурин газрын соёл иргэншил рүү татагдаж байгаа хөдөөгийн залуусыг буруутгах аргагүй ээ. Харин хөдөө орон нутагтаа хот суурингийн соёлт амьдралаас дутахгүйгээр ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь бодлогоор бүрдүүлэх хэрэгтэй байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ хөдөө” хөтөлбөр энэ асуудлын нэг  шийдэл нь болно. Малчдынхаа нийгэм ахуйн асуудлыг шийдвэрлэх, хөдөөг хот суурингаас илүү соёлт ертөнц болгоход энэ хөтөлбөрийн ерөнхий үзэл санаа чиглэгдэх болно. Худаг усаа түшиглэн халуун ус, үсчин, гоосайхан зэрэг ахуйн үйлчилгээний байнгын болон явуулын үйлчилгээг нэвтэрүүлж, орчин үеийн болоод уламжлалт урлаг соёлын бүхий л үйлчилгээг тодорхой графикийн дагуу малчиддаа хүргэж, тэдний чөлөөт цагийг хамтдаа хөгжих, нийгэмших тал руу нь хөтлөх, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах асуудлыг багийн түвшинд давтамжтайгаар хэрэгжүүлэх, цэцэрлэгийн нүүдлийн бүлгүүдийг шаардлагатай цаг үеүдэд малчны хотонд 24 цагаар ажиллуулах зэрэг зорилтуудыг хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

 

Ерөнхий боловсролын болон бусад их дээд сургуулиа төгсөөд хөдөөг зорьж малчин болохоор зориг шулуудан ирж буй олон залуус байгаа. Гэвч тэдний нэлээд хэсэг нь удахгүй бүр тодруулж хэлбэл хуримаа хийгээд сайндаа 2-4 жил болоод л төв суурин барааддаг. Үүнийг дээр өгүүлсэн хэдэн шалтгаанаас л болж байна гэж үздэг. Зориод ирэхэд нь зоригийг мохоохгүй байх асуудлыг   “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр бид шийдэж чадна гэж үзэж байна. Уг хөтөлбөрт шинэ залуу малчин өрхүүдийг малжуулах төсөлд хамруулж малын тоо толгойг нь нэмэгдүүлэх, тэдэнд өвөлжөө, хаваржаа олгох асуудлыг өвлүүлэх болон шинээр газар олгох, хашаа хороо шинээр барих сэргээн засварлахад нь санхүү, эд материал, хүн хүчний туслалцаа үзүүлэх замаар шийдвэрлэх, ахмад малчдын баялаг туршлагаас суралцуулах, санхүү зээлийн уян хатан  бодлогоор дэмжих,  олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний үр хүүхдийг цэцэрлэг сургуульд хамруулах зэрэг цогц асуудлуудыг шийдвэрлэхээр тусгана.

 

Малчдынхаа ахуй амьдралын эдийн засгийн баталгааг хэрхэн хангах вэ гэдэг нь дээрх асуудлуудын нэгэн адил чухал асуудал. Малчид маань бүгдээрээ талаар дүүрэн таван хошуу малтай  болох боломж нөхцөл байхгүй ч мал малын захтай байхад л хангалуун амьдраад байх тэр нөхцөлийг та бид хамтдаа бүтээх ёстой. Үүний тулд

1.    ХАА-н биржийн сүлжээний гажуудлыг засаж, малын гаралтай бүтээгдхүүнийг малчдаас шууд үйлдвэрт хүргэдэг нийлүүлдэг болгох

2.    Малын гаралтай түүхий эд бүтээгдхүүнд анхан шатны боловсруулалт хийх, тэрчлэн эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх замаар түүхий эдийн үнийн уналтаас сэргийлж малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтлах

3.    Малчдын бүлэг хоршоо, хот айлын зохион байгуулалтыг дэмжиж, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг бий болгох, малчид үйлдвэрлэгч болоход бүх талын дэмжлэг үзүүлэх

4.    Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний зах зээлийг хамгаалах оновчтой бодлогыг авч хэрэгжүүлэх

 

Дээрх бодлогын томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарт өөрчлөлт оруулна гэж үзэж байна.

 

Эрхэм нөхөд өө. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор манай аймаг 4 236 321 толгой мал тоолуулж түүхэн дээд амжилтын эзэн болцгоолоо. Энэ бол малчин та бүхний нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм аа. Төрөл тус бүрээр нь авч үзвэл тэмээ- 49 660, адуу-159 143,  үхэр-213 809, хонь- 1 244 588, ямаа-2 569 121 толгой тоологдон мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн явдал бол бол малчин түмний минь гавъяа зүтгэл мөн билээ. Энэ их үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулж, гавъяа зүтгэлээ үнэлүүлсэн үе үеийн тэргүүний малчид та нартаа баяр хүргэж мэхийн хүндэтгэе. Мөн 7 367 ботго, 21 107 унага, 52 597 тугал, 378 800 хурга,712 589 ишиг, нийтдээ 1 178 460 толгой төл бойжуулсан бахдам амжилтыг нялх төлийн дуу цангинах хаврын тэргүүн сар айлчлан ирж буй энэ цаг үед тэмдэглэн хэлэхэд таатай байна. Малын тоо толгойгоор бусдыгаа хошуучилан манлайлж эхний тавд шалгаран 313 931 толгой мал тоолуулсан Баацагаан, 290 991 толгой мал тоолуулсан Бууцагаан, 261 749 толгой мал тоолуулсан Баянцагаан, 255 757 толгой мал тоолуулсан Бөмбөгөр, 251 001 толгой мал тоолуулсан Өлзийт сумдын малчддаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Ийнхүү Хонгор нутгийн малчин түмэн маань залран одож буй Бичин жилээ  хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар үдэж байнаа.

 

Айлчлан ирж буй “Алтан унжлагат” хэмээх тахиа жилдээ амжилт бүтээлээ улам бүр бататгахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Амжилт бүтээлээ бататгахын үндэс бол тооноос чанарт шилжих явдал гэж үзэж байна. Энэ бол мал аж ахуйн үйлдвэрлэлд баримтлах аймгийн бас томоохон зорилт байх болно. Өндөр ашиг шимт шилмэл хээлтүүлэгчээс бүрдсэн “Торгон сүрэг” төслийг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, малчдыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин, малын үүлдэр угсааг системтэйгээр сайжруулах арга хэмжээг авахаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

 

Нутгийн шилмэл омог, үүлдэрийн малыг өсгөн эдийн засгийн эргэлтэнд оруулж, таваарлаг чанарыг нь сайжруулахын зэрэгцээ аймгийн төвийн эргэн тойрон 50 км-ийн тойрогт, мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг хөгжүүлж, тэдгээрийг тэтгэсэн тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэх бодлогыг кластрийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх болно.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг цаг зуурын эрсдэлээс аврахад хадлан тэжээлийг бэлтгэн нөөцлөх асуудал нэн чухал. Аймгийн хэмжээнд хадлангийн талбайн нөөцийг нарийвчлан тогтоож, нөөцөөс давсан хэрэгцээг бусад аймгуудтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр яриа хэлэлцээрүүдийг хийнэ. Мөн хадлангийн механикжсан салаануудыг орон нутгийн дэмжлэгтэйгээр байгуулж, нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын нөөцийн салбаруудын хэрэгцээг ч ийм замаар хангах боломжийг бүрдүүлж болно гэж харж байгаа.

 

Орон нутгийн болоод өөрсдийн нөөц боломжоо дайлан хадлан гар тэжээл бэлтгэн нөөцлах ажлыг малчид маань жил хийж хэвшүүлэх хэрэгтэй.

Хүндэт тэргүүний малчидаа. Мал сүргээ өсгөх, эрсдэлгүй тогтвортой байлгахад гол хүчин зүйл нь бэлчээрийн асуудал байдаг.

 

Манай аймаг 2011 онд хонин толгойд шийлжүүлсэнээр 100 га-д 52 толгой мал ноогдож байсан бол 89,4 толгой болж өссөн, бэлчээр сэлгэх ойрын болон холын отор нүүдэл хийх явдал хумигдан, бэлчээрийг жилийн турш ашиглах болсоноос нийт бэлчээрийн 14,5 хувь буюу 1,2 сая га бэлчээр талхаглагдан ихэнх сумдад бэлчээрийн даац хэтрэлттэй байна гэсэн судалгаа гарсан байна.

 

Хүн амын хэрэгцээ нэмэгдэж, малын тоо толгой өсч байгаа боловч, газар нутаг маань тэр хэмжээгээр тэлэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл билээ. Малын тоо толгойн өсөлтийг захиргааны аргаар барих ямар ч боломж байхгүй. Харин бодит байдлыг эрүүл саруул ухаанаар зөв харж ухамсарлан ойлгож хэрэгжүүлэх арга замыг зөв сонгох явдал туйлаас чухал. Малын тоо толгойн өсөлтийг эдийн засгийн аргаар тогтоон барих саналыг та бүхний санал санаачилага, дэмжлэг оролцоотойгоор дэвшүүлэн, шат шатны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэх ажлыг хамтдаа зохион байгуулбал яасан юм бэ гэсэн саналыг та бүхний сонорт хүргэж байна. Ингэхдээ нэг хүнд ноогдох малын тоог амьдралын бодит хэрэгцээ, шинжлэх ухааны аргачлалтай хослуулан тогтоож, түүнээс давсан малд ноогдох татвараа тухайн багийнхаа бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэн, бэлчээрийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах аливаа арга хэмжээнд зарцуулах үндсэн санааг дэвшүүлэн тавьж байгаа юм. Мэдээж энэ асуудал энэ цаг мөчид нэг мөр шийдэгдэхгүй ч та бүхний гаргах үнэтэй санал зөвлөгөөг цаашид энэ чиглэлээр гарах бодлогын баримт бичигт тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

Малчин түмэн минь мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн амьдрал ахуйгаа авч явахаас эхлээд орон нутаг улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахад олон хүчин зүйл нөлөөлдөг байх нь дамжиггүй. Тэдгээрийн дотроос хамгийн гол хүчин зүйл нь бэлчээрийн асуудал гэж би хувьдаа үздэг. Энэ утгаараа дээрх саналыг та бүхний сонорт хүргэж байгаа юм шүү.

 

Шийдэж болохгүй асуудал, давж гарахгүй хүндрэл бэрхшээл гэж байхгүй. Гагцхүү зөв бодлого, зөв шийдэл, сайтар зохион байгуулагдсан хамтын ажиллагаа л ямар ч хүндрэл бэрхшээлийг давж гарах эрч хүчийг бий болгох ёстой. Ийм эрч хүчийг бий болгох бодол ухаан, арга туршлага, зорилго тэмүүлэл та бидэнд бий.

 

Шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бидний зорилт УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэг оролцоотойгоор хэрэгжиж эхэлж байгааг  өнөөдөр та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ талаар эрхэм гишүүд маань та бүхэнд мэдээлэх тул миний бие  давхардуулан ярих нь илүүц бизээ.

 

Эвийн хүчийг нийлүүлэн хамтын санаа зорилгоо нэгтэж чадвал та бидний амжилт улам батжин, малчин түмний минь ажил үйл амьдрал ахуй тооноос чанарт шилжин, хотол түмнээрээ тэгш дүүрэн сайхан амьдрахын эхлэл бүрдэнэ.

 

Бодлого зорилтыг минь хичээгүйлэн сонссон та бүхэндээ баярлалаа.

 

Сайн үйлс дэлгэртүгэй.

2017-02-24 02:42:39