• 12 сарын 23, Даваа гараг
Сурагч солилцооны хөтөлбөр, нэвтрүүлгийг Бууцагаанаас бэлтгэнэ
209 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МҮОНТ-ээс зохион байгуулж буй сурагч солилцооны хөтөлбөр, телевизийн нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт эрдэм ахлах сургуулийн долдугаар ангийн сурагч Г.Алимансаран оролцож байна. Тэрээр Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуульд арав хоногийн турш суралцах юм. Харин Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч н.Маргад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ахлах сургуульд арав хоногийн турш суралцна.

 

Өнгөрөгч амралтын өдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн баг сурагч Маргадын хамтаар Баянхонгор аймагт ирлээ. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Энхтөр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, хүүхдийн Тэмүжин театрын хамт олон халуун дотноор угтан авч, Баянхонгор хоттой танилцуулав. Баянхонгор аймгийн нийт хүн амын 60 хувь нь залуучууд. Тиймээс залуусын хот, аймаг болсон Баянхонгор аймагт хийх энэ удаагийн нэвтрүүлэг тун сонирхолтой болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан онцоллоо.

 

Ховд аймгийн Зэрэг сумын сурагч Маргадыг аймгийн хүүхдийн Тэмүжин театрын хамт олон урлагийн тоглолтоор угтсан бол өнөөдөр Баянхонгор аймгийн бахархал болсон Шаргалжуут рашаан сувилалтай танилцаж байгаа юм. Тэрээр өнөөдөр өөрийн сурах Бууцагаан сумыг зорино. Нэвтрүүлэг удахгүй үзэгчдийн хүрээл болох аж. 

 

2017-05-08 05:52:59