• 12 сарын 23, Даваа гараг
Засаг дарга Г.Батжаргалын урилгаар Элчин сайд Ши Хаймин Баянхонгорт ажиллалаа
248 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Энэ сарын 17-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ши Хаймин Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын урилгаар Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрээр ирсэн даруйдаа аймгийн Засаг даргатай уулзаж, БНХАУ болон Баянхонгор аймгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Элчин сайд Ши Хайминыг замын бартаа, газрын холын үл ажиран ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд Баянхонгор аймаг худалдаа үйлчилгээ, тоног төхөөрөмж, түүхий эдийн нийлүүлэлт гээд эдийн засгийн өргөн хүрээнд хамтран ажиллаж, худалдааны салбарт бүтээгдэхүүн таталт болон нийлүүлэлтийн 90 гаруй хувийг БНХАУ-тай хийдгийг онцолсон юм.

Энэ жилийн тухайд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжаар Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км автозамыг Шанхай констракшнь ХХК гүйцэтгэж байна. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгээр долоон суманд арьс шир боловсруулах бага оврын үйлдвэрийг ажиллуулж байгаа юм.

Тиймээс аймгийн Засаг дарга энэхүү найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж дүүрэн байгааг Элчин сайд Ши Хайминд дуулгалаа. Тухайлбал БНХАУ-тай Баянхонгор аймаг  хөрөнгө оруулалтын хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах боломж байгааг энэ үеэр онцолж байлаа. Баянхонгор аймаг эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ аялал жуулчлалыг багтаасан. Тиймээс  аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж байгааг Засаг дарга Г.Батжаргал хэлж байна. Мөн уул уурай, мах, арс, шир, ноос боловсруулах үйлдвэр байгуулахад хамтарч ажиллах боломжтойн дээр ирэх онд баригдаж эхлэх Дулааны цахилгаан станц дээр ч хамтран ажиллахад нээлттэй гэддгийг дуулгалаа.

Баянхонгор аймгаар Монгол улсын баруун чиглэлийн болон БНХАУ, ОХУ-ыг холбосон босоо тэнхлэгийн гол зам тус тус дайран өнгөрдөг нь тус аймаг эдийн засаг, худалдаа үйлчилгээний төв болон хөгжих газар зүйн болон дэд бүтцийн өргөн боломжийг олгож байна. Тиймээс Элчин сайд Ши Хаймин энэ давуу талаа түшиглэн хамтран ажиллаж, хөгжих бүрэн боломж байгааг хэлсэн үгэндээ онцоллоо. Тиймээс тэрээр БНХАУ-ын томоохон ААН, компанудтай Баянхонгор аймаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг хэлээд ирэх есдүгээр сарын 29-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болох Монгол Хятадын хоёр дахь удаагийн экспод оролцохыг урилаа. Тус экспо, үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын томоохон ААН, компаниудтай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэх боломжтойг Элчин сайд Ши Хаймин онцоллоо.

Тэрээр уг уулзалтын дараа Байдрагийн чиглэлийн 129,7 км замыг барьж буй Шанхай констракшь ХХК-ийн ажлын явцтай танилцлаа.  Тус компанид Баянхонгор аймгийн 15 ачааны машинтай иргэд ажиллахын зэрэгцээ, туслах ажилтан, харуул хамгаалалтыг нутгийн иргэд хийж гүйцэтгэж байна.

 

 

2017-08-18 02:24:02