• 12 сарын 23, Даваа гараг
АЛТРАН БУЙ НАМРААР АЛЬШААД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Намрын нар ээсэн, ээвэр дулаан шаргал өдрүүдээр аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, борлуулт болон түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаа сайжруулах зорилгоор  ӨМОЗО-ны Альшаа аймаг, Эзнээ хошууг  зорьсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засаг дарга Г.Батжаргал, ГХАЖА-ны дарга С.Баярмагнай,  Баянхонгор  Үйлдвэржилт, Хөгжлийн корпорацийн захирал М.Мөнхбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, “Баянхонгор - Цэвэр хот” ХХК-ний дарга Ц.Баясгалан, ХХААГ-ын ХГТА-ны дарга Т.Хишигбаатар  болон Альшаа аймаг, Эзнээ хошуутай хил залган орших Баян-Өндөр сумын Засаг дарга Ц.Балжинням, Шинэжинст сумын Засаг дарга З.Мөнхтөр, Баянцагаан сумын ИТХ-ын дарга А.Баянжав болон хэвлэл мэдээллийн ажилтан миний бие гэсэн төлөөллүүд багтсан юм. Бидний явах зам дагуух Баянлиг суманд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Жи – Мобайлын сүлжээ тавигджээ. Өглөө босоод ирсэн чинь утсанд сүлжээ орчихсон байна шүү гэж хөөрөлдөх тус сумын малчид хөдөлмөрчид  биднийг хүрч очиход малын хотноосоо дэлхийн хаашаа ч холбогдох боломжтой болсоны баяраа буюу Жи –Мобайлын нээлтийн арга хэмжээгээ хийж байлаа.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар болон аймгийн удирдлагууд оролцож тус бүс нутгийхандаа халуун баяр хүргэсэн юм. Бид нарны голтойд цааш хөдлөн Өмнөговийн хил хамгаалах Овоотын цэргийн ангид буудаллан түр хоноглоод ургах нарнаар хилийн зүг хөдөллөө. Уудам шаргал говийн маань элс ширхэг чулуу бүр нь сэтгэлд дотнохон байх юм. Тал хээр нь хонгортон байвч тарчиг зунаасаа үүдээд таана, хүмүүл нь хүртэл тааруухан л ургажээ. Ийм л говь талаараа давхиулан явсаар хилийн дээс алхлаа. Адилхан говь цөлийн бүс нутаг, уур амьсгал нэг хэрнээ  цэцэг ногоо нь халиурсан тэс өөр ертөнц биднийг эндээс угтаж авсан юм.

Цаашлах тусам төрөл бүрийн  цэцэг ногоо, мод бутыг түвэггүйхэн тариалж ургуулсан томоохон хэмжээний төгөлүүд хараа булааж, нүд хужирлан атаархал сэмхэн төрүүлэх аж. Мэдээж энэ нь байгалиасаа ургасандаа биш Хүний гараар л зориуд бүтээгдсэнд учир байлаа.  Муу хужаа, өвөрлөгч үндэстэн зэргээр бидний монголчуудын дургүйцэн аягүйрхээд байдаг энэ ард түмэн оногдсон ажлаа голж шилэлгүй, үнэн сэтгэлээсээ хийж чаддаг хөдөлмөрч  түмэн юм билээ. Энэ бүс нутаг Сүүлийн 11 жилийн хугацаанд дотоодын дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоо, ажиллах хүчин чадлаа зөв ашиглаад зам харгуй, ногоожуулалт, барилга байгууламжаа эрс өөрчилж чаджээ.

ӨМӨЗО-ны Альшаа аймгийн  Эзнээ хошууны Далайн хөв хоттой Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ба тус хошуунд 32 монгол хүүхэд сурдгаас 10 нь Баянхонгор аймгийн хүүхэд багачууд байх юм.

 

Тус хошууны засаг захиргааны зүгээс цаашид суралцах хүсэлтэй монгол хүүхдийн тоог нэмэх бодлоготой байгаа ба өөрсдийн хамгийн сайн гэсэн багш нараараа монгол багачуудад ерөнхий эрдмийн хичээл, хятад хэлийг зааж сургаж байгаа аж.  Далайн хөв хотын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт энэ жил гэхэд ар монголын 500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж илааршсан байна. Эзнээ хошууны иргэдийн 80 хувийг торгууд үндэстнүүд дангаараа эзэлдэг. Бүс нутгийн гол баялаг нь уул уурхай бол, эдийн засгийн томоохон түшиц нь амтат гуа жимс гэнэ. БНХАУ болон олон улс орнуудруу Зөвхөн Эзнээ хошууны амтат гуа жимс нийлүүлэгддэг. Хятад улс  нэг бүс нутгаа өөрийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нь дагнан хөгжүүлэх, түүгээр нь сурталчилж олонд таниулах бодлого баримталсан нь үнэхээр оновчтой болж.

 Мөн жил бүрийн 9-10-р сард хийдэг Тоорой модны баяраараа дотоодын болон гадаадын тоо томшгүй аялагч жуулчдыг татан оролцуулж чаддаг байна. Торгууд нутгийн алтан шаргал тоорой мод, элсэн манхан нутгийн ганган тэмээг үзэх хүсэлтэй олон мянган жуулчдын анхаарал, тэднийг дагасан бэлэн мөнгөний урсгал жилдээ нэг удаа энд төвлөрдөг байх нь. Үүгээрээ дамжуулан бүс нутгаа сурталчилахын зэрэгцээ томоохон хэмжээний ашиг орлогоо бүрдүүлдэг ажээ.

Эзнээ хошууны намын хорооны  дарга Б.Мөнхөө болон бусад удирдлага, холбогдох албаныхан Баянхонгор аймгийн Засаг дарга, түүний ажлын хэсгийхнийг албан ёсоор хүлээж авч уулзах үеэрээ Баянхонгор аймагтай хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа илүү өргөжүүлэх бодлоготой байна гэдгээ хэлсэн юм.

Энэ үеэр Далайн хөв хот , Баянхонгор сум хооронд 2015 онд   байгуулж байсан санамж бичигт тусгагдсан зүйлсийг ажил хэрэг болгох, Цэхээ боомт – Гурван тэс- Баянлиг хооронд тавих хатуу хучилттай авто замын ажлыг яаравчлах, мал мах нийлүүлэх, хот байгуулалт, ногоон байгууламжийнх нь  талаар туршлага судлаж, суралцаж улмаар орон нутагтаа бодит ажил хэрэг болгох, Цэвэр хот зэрэг зарим ААН-үүдэд машин техник нийлүүлэх,  хулгайн дээрмийн сэдэл бүхий хэргүүдийг таслан зогсоох үүднээс 200,000-д сая төгрөгний хяналтын камерыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шийдэж өгөх зэрэг яриа хэлэлцээрүүд амжилттай хийгдлээ.

 

Эзнээ хошуунаас албан ажлаа амжилттай эхлүүлсэн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй ажлын хэсгийхэн маргааш өглөө нь  680 гаруй км зайтай Альшаа аймгийг ОУ-ын шинж чанартай хурдны замаар зорьсоноор бидний аялал үргэлжиллээ. Бидэнд Эзнээ хошууны гадаад явдлын албан хэргийн дарга н.Бадраа гэх өндөр бор залуу хэлмэрч, тайлбарлагч хийж явсан юм.

Нээлттэй, инээд хөгжөөнтэй, дуу шуутай энэ залуугаар өвөр монголчуудыг нийтлэг төсөөлж ойлгож болох болов уу гэж бодогдсон. Хэдий хилийн наана цаана ч гэлээ нэг Монгол үндэстэн гэсэндээ Өвөр монголчууд бидэнд их элгэмсүү юм билээ. Биднийг дэлгүүр хоршоо хэслээ гэхэд өвөр монгол хүүхнүүд худалдагчтай ярьж байгаад сонирхсон барааны үнийг сайтар буулгаж бидэнд туслана. Ар монголчууд ер нь биеийн хэлбэр хэлэмж, байгаа байдал, өмссөн зүүснээрээ шууд танигддаг гэнэ.  Энд тэнд явж байхад таарвал их яриа өднө, ярилцахыг хүснэ. Үүгээрээ ч нилээдгүй дотно санагдсан.  Бидний тайлбарлагч хийж явсан н.Бадраа: БИД УГ НЬ МОНГОЛЧУУД ГЭХДЭЭ ТА БҮР БИДНИЙГ ХУЖАА ГЭЖ ЯРЬЖ, ҮЗДЭГТ ГОМДОЛ ТӨРДӨГ ӨӨ гэсэн нь өөрөө хэлж, бодоогүй ч өрөөлийн өмнөөс ичих, гэмших сэтгэл төрсөнийг нуух юун.

 

Ийнхүү явсаар Өвөр монголын засаг захиргааны хамгийн том нэгж гэж тооцогдох Альшаа аймгийн төв Баян хотод ирлээ. Зүүн урд нь цэнхэртэн дүнхийх Альшаа уул юутай сүрлэг. Хонгорчууд бидний шүтээн Их Богд хайрхан байдаг бол тус аймаг бүс нутгийхны шүтээн нь Альшаа уул.

Далайн  түвшнээс дээш 3556 метрт өргөгдсөн энэ их уул Өвөр Монголын нутаг дахь хамгийн өндөр уул нь.  Энд төрөл бүрийн ан амьтан, араатан жигүүртний нөөц ихтэй. Хятадын умард нутгийн амьтан ургамал хамгийн олонтой төв бүс нь болдог ба тус баруун хойд нутгийн байгалийн ногоон халхавч болж Тэнгэр элсэн цөлийн зүүн тийшхи нүүдлийг хорьж байдаг юм байна.

Альшаагийн үдэш тун ч үзэсгэлэнтэй. Шар ногоон улаан навчис бүхий элдэв төрлийн моддыг их багагүй арчилж ургуулан, хэдий говь цөл нутаг ч гэсэн ногоон хот гэлтэй.

Шөнийн гэрэлт гудамжаар залуу хос, хөгшид хүмүүс зугаалан салхилах бол, тус хотын шөнийг тольдохоор ирсэн гадна дотны жуулчид, хүүхэд залуус Баян хотын Хуарангийн шөнийн үзэмжийг паркыг зорьж хотыг дээрээс нь нилд нь тольдоно. Орчны гэрэлтүүлэг, түүний шийдэл нь онцгой үзэмжтэй. Хот тэр чигтээ нил шар, хөхөлбөр ногоон, тод улаан өнгөнд уусан гэрэлтэнэ.

 

Альшаа аймгийн Баян хотоос гараад хэдэн арван км үргэлжлэх элсэн манхан дунд маш нарийн тооцоолол, арга технологиор хурдны зам тавьсан ба 60 орчим км яваад “Машин тэрэгний чадал, мэргэжлийн үзүүлбэрийн цогцолбор” байгууламж дээр ирлээ.

10-р сард ОУ-ын элсэн замын авторалли тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн ба үүнийг үзэж сонирхох гэсэн 100,000-с илүү жуулчин ирнэ гэж тооцоолжээ. Төрөл бүрийн автомашин, нисэх онгоц, элсэн замын хөлөг, аяны хэрэгсэлүүдийн өргөн үзмэр, үйлчилгээг энд төвлөрүүлжээ. Альшаа аймаг ингэж элсэн цөлөөсөө хүртэл мөнгө босгодог байх юм.

 

Баян хотод зочилсон Баянхонгор аймгийн зочид төлөөлөгчдийг Альшаа аймгийн төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Албан ёсны уулзалт хэлэлцээрт Альшаа аймгийн Засаг дарга  өөрийн биеэр хүрэлцэж ирсэн нь онцгой хүндэтгэл үзүүлж буйг илтгэнэ. Тэрээр Монгол улсаас албан ёсоор уулзаж буй анхны төлөөлөгч нь та гэдгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хэлээд хоёр улс, хоёр аймгийн хамтын ажиллагааг өөрийн биеэр дэмжин ажиллаж, улмаар олон талын итгэлцэл, найрсаг харилцааг урт удаан жил бий болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Альшаа аймгийн дэд дарга ноён Ван вэй дүнтэй Баянхонгор аймгийн Засаг дарга албан ёсны уулзалт хэлэлцээр хийсний дараа 6 төрлийн зүйл бүхий албан ёсны санамж бичиг байгуулж, талууд гарын үсэг зурцгаалаа. Санамж бичигт дараах зүйлс тусгагджээ. Баянхонгор аймаг Альшаа аймагтай мал мах болон малын гаралтай түүхий эд нийлүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Цэхэ боомтоос Шинэжинст хүртэл тавих замын ажлыг эхлүүлэх, барилга байгууламж, ногоон байгууламжийн мэргэжилтэн нарыг аймагт авч ажиллуулах зэрэг орон нутагт нэн хэрэгцээтэй байгаа хэд хэдэн ажлууд багтсан ба ХАА, МАА, хот тохижилтын чиглэлээр хийгдэх томоохон ажлын  эхлэл ийнхүү тавигдлаа.

Баянхонгор малын халдварт өвчлөл гараагүй эрүүл аймаг гэдгээрээ бусад бүс нутгаас давуу талтай учир Альшаа аймгийхан манай мал, мах экспортлох асуудлыг ихээхэн сонирхож байсан юм. Албан ёсны уулзалтын төгсгөлд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Альшаа аймаг, Эзнээ хошууны нутгийн удирдлагуудыг ирэх онд Баянхонгор аймагт зочилон саатахыг урьсанаар Альшаа аймагтай хийсэн уулзалт хэлэлцээр амжилттай өндөрлөсөн юм.

 

Аян замын туршид манай багийхан нэг зүйл дээр санал нэгдэж явлаа.  Манай хөгжингүй орон өндөр хөгжилтэй бусад улс орон, тэдний мэргэжилтнүүдээс суралцах зүйл ихээхэн байнаа гэж. Тухайлбал элсний нүүдэл, цөлжилтөөс зам харгуй бүс нутгаа Альшаа аймгийхан нөр их ажил болгон хамгаалж байгаа нь өндөр үр дүн өгч байна.

Ойжуулалт, ногоожуулалтаа нарийн  арга технологиор боловсруулж, арчилгаа тордолгоог өндөр түвшинд тогтмол хийж дадсан нь  манай  монголоос эрс ялгаатай.

Энэ сайн жишээнүүдээс манайхан суралцаад авбал жил ирэх тусам бэлчээр нь доройтож, цөлжилт элсний нүүдэлд талхлагдаж буй бүс нутгаа хамгаалан авч үлдэх боломж бидэнд харагдаж байна. Бусад улс орон, үндэстэн гүрнүүдийн ард иргэд хал балгүй хийх ёстойгоо хийсээр, хөгжсөөр л явна. Гэтэл бид яаж байна. Голсоор шилсээр, тоо томшгүй шалтаг, зовлон тоочсоор. Хийх арга байхгүй бас хайхгүй.   Хий дэмий ам хэлээ өмнөө тавьсан эх орончид л болоод байна. Эрээвэр хураавар муу үгээр хоорондоо дайтсаар хэдэн жилийг ингэж угтаж бас үдэх үү!?  

Бусдаас авч хэрэгжүүлж болмоор, боломжтой сайн жишээнүүдээс суралцдая л даа.   Сурсанаа эх нутгийн хөрсөн дээр буулгая. Хийхдээ хийсэн шиг хийдэг болчихоё. Энэ л бидний эх орондоо зориулж буй өөрийн тус нэмэр гэж ойлгоё. Ингэж л ЭХ ОРОНЧ байцгаая!

 

                                                                                                                                                        Д.Дэлгэрсайхан

2017-10-01 06:10:11