• 12 сарын 26, Пүрэв гараг
Г.БАТЖАРГАЛ: Хамтдаа хичээж, боловсролтой баянхонгорчууд болцгооё
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын маргаашийн хувь заяаг атгаж яваа эрхэм хүндэт дүү нараа, 

Эрхэм баялаг болсон эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш нараа, 

Та бүхэнд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. 

Та бүхэн Монгол Улсын оюуны их уурхай, эрдэмтэн мэргэдийн үр хойч гэдгээ ямагт санаж, шинэ хичээлийн жилдээ амжилт гаргах учиртайг юуны түрүүнд сануулая. 

Баянхонгор аймаг хүний хөгжлөөрөө тэргүүлэх аймаг болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилгод хүрэхэд эрдэмтэн багш, эрхэм дүү нарын маань хичээл зүтгэл туйлаас чухал. 

Бид "Сайн багш" аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж багш нарынхаа хөгжих, тэдний нийгмийн асуудалд онцгойлон анхаарч байна.  

Нэгдүгээрт, “Боловсрол” санг аймгийн хэмжээнд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Уг сан нь багш нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ,мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, хөгжих хөшүүрэг болох юм.

Хоёрдугаарт, багш нарын ажилласан жилийг үл харгалзан, тэдний амжилт, ажлын үр дүнг харгалзан үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломжийг бий болгох, шаардлагатай хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ. 

Хүн болох багаасаа гэдэгчлэн сурч боловсрох цаг хугацаандаа өөрийгөө дайчлан эрдмийн оргилд хүрэх нь чухал гэдгийг нийт сурагчдадаа онцгойлон захия. 

Мөн нийт эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ найз, туслагч, зөвлөх нь байж, зөв монгол хүнийг бэлтгэхэд өөрсдийн үнэт цагаа зарцуулаасай хэмээн хүсч байна. 
 
Нийт оюутан сурагч, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэндийг дахин хүргэе. 
 
Хамтдаа хичээж, боловсролтой баянхонгорчууд болцгооё. 

2019-09-01 09:25:24