• 12 сарын 26, Пүрэв гараг
 Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулна
244 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                                                                                                                                

“БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН ХҮН АМЫН УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ” СУРГАЛТ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУРЛЫН ТАНХИМД БОЛЖ БАЙНА.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг сургалтад Баянхонгор аймгийн сумдын Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Байгаль орчны  улсын байцаагчид, сав газрын захиргаа, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон иргэд оролцож байна.

Сургалтаар хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй туршлагыг Баянхонгор аймагт нэвтрүүлэх, УАБТөлөвлөгөөний тухай ойлголт, усыг олборлохоос эхлэн хэрэглэгчид хүргэх хүртэлх үйл ажиллагааны явцад ямар эрсдэл гарч байгааг тайлбарлан, цаашид ямар арга хэмжээ авах арга замыг заах юм. Мөн  усыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар тодорхой ойлголт өгөхийн зэрэгцээ сургалтад оролцогчдоор дамжуулан сурагч хүүхдүүд болон эцэг эхчүүд, гэр орныхонд нь, иргэдэд усны талаар зөв ойлголт өгөхийг зорьж байна.

 Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах хэрэгцээ шаардлага, төлөвлөгөөний тухай товч ойлголт сэдвээр Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн ухааны мастер, Монгол улсын зөвлөх инженер Б.Пүрэвжав илтгэл, мэдээллийг хийлээ.

Өмнө буюу 2013 онд Баянхонгор аймгийн төв, Баянговь, Шинэжинст сумдад энэхүү төлөвлгөөг загвар болгон хэрэгжүүлж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Харин. Хөвсгөл, Дорноговь, Дорнод аймгуудад энэ ажил ажилттай хэрэгжжээ.

Манай улсын хувьд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, дагаж мөрдөх зайлшгүй шаардлага байна. Сүүлийн 20 орчим жил уур амьсгалын өөрчлөлтийн эрчим ихсэж, нэмэгдэх хандлага байгаа юм. Манай улсад л гэхэд сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын хэм 2,14-өөр нэмэгдсэн нь дэлхийн дундажаас гурав дахин их үзүүлэлт. Уур амьсгалын өөрчлөлт гадаргын усны нөөц буурах, цэвэр усны хангамжийг хумих үндсэн шалтгаан болдог. Энэ байдал халдварт өвчин нэмэгдэх, хүн амын дундах өвчлөлийн тархалтын хэмжээг ихсэгэх шалтгаан болж байна. Нөгөө талаар ундны усыг зөөвөрлөж буй болон хоол, унданд хэрэглэж буй сав суулгаар дамжин өвчлөх байдал бий болдог байна. Тиймээс шаардлага хангасан усан хангамжийн үйлчилгээний хүртээмж нэн чухал.

Тэд энэ сэдвээр хоёр өдрийн турш хэлэлцэж, Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцаж, өөрийн сум, багтаа хэрэгжүүлэх юм. Ингэснээр сум, суурин, сургуулийн орчинд түгээмэл гарч буй халдварт өвчин, түүнийг арилгахад чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

2019-09-24 03:14:50