• 12 сарын 26, Пүрэв гараг
Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухай (Илтгэгч Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан)
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрхэм ИТХ-ын төлөөлөгчид болон байгууллагын дарга та нөхдөд энэ өдрийн мэнд хүргэе.

Миний бие томилогдоод удаагүй ч ган зуд, цар тахал гээд 2 гамшигтай нүүр тулж, бид бүхэн нөөц бололцоогоо дайчлан хичээн ажиллаж байна. Хэдийгээр цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгаа ч Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Баянхонгор аймгийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, холбогдох газруудаар хянуулсаны үндсэн дээр Та бүхэнд өргөн барьж байна.
1. Бид хаана байна вэ?
Баянхонгор аймаг өнөөдөр хөгжлийн түвшинд хаана явна вэ? Бид цаашдаа хэрхэн хөгжих ёстой вэ? Юунд анхаарах вэ? гэдгээ та бид улстөржиж намчирхалгүй хамтдаа бодох, шийдэл гаргах цаг үе ирээд байна.
Аймаг орны хөгжлийг хэмждэг үзүүлэлтүүд, олон улсын арга аргачлал, статистикийн мэдээлэл, эдийн засгийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр бусад аймгуудтай харьцуулахад Баянхонгорчууд бид малын тоо, дэд бүтэц, бүтээн байгуулалт, бизнесийн овсгоо самбаа зэрэг үзүүлэлтүүдээр дээгүүрт орж байна.
Харин дараах үзүүлэлтүүд тааруухан байна. Үүнд:
• Хүний хөгжлийн индексээр сүүлийн 10 жилд 20-18-р байрт
• Эдийн засгийн өрсөлдөх чадвараар сүүлийн 8 жилд 19-17-р байрт
• Хүн амын боловсролын түвшний индексээр сүүлийн 10 жилд 14-17-р байрт
• Аймгийн засаглалын үр ашиг индексээр сүүлийн 5 жилд 13-20-р байранд тус тус оржээ.
Энэ бүхэнд дүгнэлт хийж, бид бүхэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хууль, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны Монгол Улсын төсвийн төсөл, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын судалгаанд тулгуурлан:
• Баянхонгор аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
• Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
• 2021 оны Баянхонгор аймгийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус боловсруулан өргөн барьж байна.
2. Хүчээ нэгтгэе
Эрхэм төлөөлөгчид өө,
Цар тахалын улмаас Монголчууд бид төдийгүй Дэлхий даяараа цаашдаа урьд өмнөхөөс өөрөөр ажиллаж амьдрахаас өөр сонголтгүй болж байна.
Манай Баянхонгорчуудын явж ирсэн сүүлийн 30 жилийн зам, түүхийг харвал бид ч бас цаашдаа ингэж явж болохгүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс ирэх жилүүдэд дараах хэдэн асуудалд голлон анхаарна. Үүнд:
1. Улс төржсөн, хэт намчирхсан, талцсан байдлаа зогсооё. Сандал суудлаас болж иргэдээ, аймгаа хуваахаа больцгооё. Цаг хугацаа богинохон, хийх ажил их байна. Бие биедээ чөдөр тушаа болдог, нэгнээ татаж унагадаг, нэгнээ хорлох гэсэн явцгүй бодлогоор бид хол явахгүй. Иргэдэд талцал хуваагдал, хэрүүл тэмцэл биш, ажлын байр, эдийн засгийн бодит өсөлт, бидний хамтын ажиллагаа л чухал байна.
2. Төрийн албаа цэгцэлж, чадавхижуулая. Төрийн албанд чадваргүй, өдөр хоног аргацаасан, танил талаараа ажилд орсон, хүнд сурталтай, улс төржсөн, сул цалин авдаг хэсэг нөхөд байна. Цөөн хүмүүсээс болж төрийн албаны нэр хүнд унасан байна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг хийж, сахилга батыг чангаруулж, авилгал, ашиг сонирхолыг арилгана.
3. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллая. Манай аймагт хэдхэн том компани, дийлэнх нь жижиг дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна. Энэ компаниудтай хамтарч ажиллая. Хот тохижилтыг үйлдвэрлэл болгоё. Ажлын байр нэмэгдүүлж байж нийгмийн бусад асуудлаа шийднэ. Төсөв харж, тендер царайчилсан байдлаас бид гарах ёстой. Тиймээс аймаг, сум гэлтгүй хүн бүр, дор бүрнээ хичээн ажиллах хэрэгтэй байна.
4. Аймгийн өөрийн орлогыг нэмэгдүүлнэ. Улсын төсвөөс бид маш их татаас авч байна. Тиймээс аймаг өөрөө орлого олдог, өөрийгөө санхүүжүүлдэг болох ёстой. 2021 он гаргаад Баянхонгор аймгийн хөгжлийн зөвлөгөөнөө хийнэ. Бидний хөгжлийн тэргүүлэх салбарууд:
• Хөдөө аж ахуй
• Аялал жуулчлал
• Уул уурхай
• Байгаль орчны салбар байх болно.
5. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлэе. Ган зудын улмаас хөдөө аж ахуйн салбар маань хүндэрч байна. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлээр хангах гээд багагүй ажлыг өрнүүлж байна. Цаашдаа бэлчээрийн даац хэд дахин хэтэрч, дэлхийн дулаарал, цөлжилт нэмэгдэж байгаад малчид, та бид дүгнэлт хийж хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо өөрчлөх болно.
6. Иргэдээ соён гэгээрүүлэе. Ажил хийх сонирхолгүй. Тэгсэн мөртлөө шүүмжлээд, халамж нэхээд, архи уугаад гэртээ хэвтээд байдаг. Архины улмаас олон сайхан залуус амь нас, амьдралаа алддаг учраас “Жаргалтай амьдрал” төвийг байгуулсан. Иргэдээ, хүнээ хөгжүүлж байж л улс хөгждөг. Тиймээс иргэдийнхээ хандлагыг өөрчлөхөд бүгдээрээ хамтарч хүчээ нэгтгэе.
Ирэх 2021 оны аймгийн төсвийн тухайд бид дараах асуудлуудад голлон анхаарна. Үүнд:
• Ковид-19 цар тахалтай тэмцэж иргэдээ хамгаалах
• Аймгийн 80 жилийн ойн хүрээнд тохижилт, засварын ажлууд хийх
• Өмнөх онуудын ажлуудыг дуусгаж, өр ширээ барагдуулах
• Зайлшгүй хийх шаардлагатай цөөн ажлуудыг хийх асуудлуудад голлон анхаарна.
/Холбогдох бичиг баримтуудыг та бүхэнд хүргүүлсэн тул дэлгэрэнгүй танилцуулсангүй/
3. Хаана хүрэх вэ?
Энэхүү үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр “Хүний хөгжлийн үзүүлэлтээр улсын дундаж түвшинд хүрч” хөгжлийн суурь тавигдана.
Салбарын үр дүнгүүд:
1. Баянхонгорын бахархал, үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлж, иргэдээ соён гэгээрүүлнэ.
2. Эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, гэр бүлдээ ээлтэй Монгол хүнийг төлөвшүүлнэ.
3. Дундаж давхарыг нэмэгдүүлнэ.
4. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ
5. Засаглалын үр ашгийг дээшлүүлнэ
6. Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангана.
7. Иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ
Эрхэм төлөөлөгчид өө,
Бид Баянхонгор аймгаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө төсөв санхүүгийн боломждоо тулгуурлан, шинэ арга барилаар боловсруулж та бүхэнд хүргэж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хураах

2020-12-04 08:08:57