• 01 сарын 02, Пүрэв гараг
Гэрчилгээжсэн ноолуур бэлтгэгч хоршоодод дэмжлэг хүргэнэ
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.03)  AVSF байгууллагаас "Тогтвортой ноолуур холбоо"-ны гишүүн сумдын хоршоонд үзүүлж буй 90 гаруй тонн хивгийн эхний цуваа Баянхонгор аймагт иржээ. Хивгийг Жинст, Богд, Баацагаан, Бөмбөгөр, Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумдын гэрчилгээжсэн ноолуур бэлтгэгч хоршоодод хуваарилах бөгөөд зудын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед цагаа олсон дэмжлэг болж байна.
 
Тус долоон сумын тогтвортой ноолуур бэлтгэгч хоршоод 2015 оноос хойш гэрчилгээжсэн ноолуур бэлтгэн анхан шатны боловсруулалт хийж, Тогтвортой ноолуур холбоогоор дамжуулан гадаад, дотоодын 20 гаруй компанид нэмүү өртөг шингээн нийлүүлдэг юм.
AVSF байгууллага тогтвортой ноолуур бэлтгэлийг аймгийн хэмжээнд нэмэгдүүлж, тогтвортой ноолуурын Гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Баянхонгор аймагтай урт хугацааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа аж.
AVSF Монгол байгууллага нь “Тогтвортой ноолуур” Гэрчилгээжүүлэлтийн загварыг ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээний сайн туршлага бий болгох зорилгоор 2015 онд анх санаачилж эхлүүлсэн юм. “Тогтвортой ноолуур” Гэрчилгээ нь монгол малчин, малчдын хоршоо нь ноолуурыг тогтвортой аргаар буюу байгальд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн хувьд алдагдалгүй аргаар бэлтгэж байгааг гэрчлэх баталгаат баримт бичиг юм.
2020 оны байдлаар нийт гишүүдийн 97% нь аймгийн болон үндэсний хэмжээний Гэрчилгээжүүлэлтийн хороодоор шалгагдаж баталгаажсан “Тогтвортой ноолуур” гэрчилгээтэй. Гэрчилгээ авсан малчин, малчдын хоршоо нь тогтвортой ноолуур бэлтгэн нийлүүлэх нэмүү өртгийн сүлжээний нэг хэсэг болж, гадаадын зах зээлд нэвтрэх боломжтой болохоос гадна, үндэсний хэмжээний тогтвортой үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах анхан шатны нэгж хэмээн хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.

2021-07-30 07:29:02