• 01 сарын 04, Бямба гараг
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлэхээр боллоо
102 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.10)  Улсын Онцгой комиссын 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэр, Улаанбаатар хотын коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр 14:00 цагт шуурхай хуралдаан хийлээ.

Хурлаар 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүсч, Баянхонгорт нэвтрэх боломжтой.

Мөн өвс, хүнс, шатахууны тээвэр аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр тээвэр хийх бөгөөд голомтот бүс нутагт орсон эсвэл дайран өнгөрсөн тохиолдолд PCR шинжилгээний хариутай Баянхонгор аймагт нэвтэрнэ.

Улаанбаатар хотоос ирэх иргэд эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлаар ирэхдээ аймгийн Онцгой комиссын bhrshtab@gmail.com цахим хаягаар хүсэлтээ хүргүүлэх бөгөөд хариу мэдэгдсэний дараа PCR шинжилгээгээ өгч, тус аймгийн чиглэлд гарахыг зөвлөлөө. 

2021-08-03 05:11:55