• 01 сарын 04, Бямба гараг
Ахмад мэргэжилтнүүд төрийн албаны залууст зөвлөв
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.03.16)  Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүн ахмад мэргэжилтэн Ч.Гомбодорж, Н.Цэцэгээ нарыг урьж ажил хэрэгтээ анхаарах зарим асуудлаар ярилцаж зөвлөгөө авлаа. 

Тус хэлтэс төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн боловсруулалтыг чанаржуулах, захиргааны стандартын удирдлагыг хэрэгжүүлэхэд энэ 2021 онд дорвитой ахиц гаргахаар зорьж буй.

Аймгийн ЗДТГ-ын дотоод ажил, хүний нөөц, гадаад харилцаа эрхэлсэн бодлогын мэргэжилтнүүд, бичиг хэрэг архивын тасаг, нэг цэгийн үйлчилгээний менежер, мэдээлэл технологийн ажилтан, хэвлэл мэдээллийн алба зэргийг хамаарч хэлтсийн бүтэц өргөжсөн. Олонх нь 40-өөс доош настай залуу алба хаагч нар ажилладаг бөгөөд чиглэлийн  хувьд аймгийн хэмжээний төрийн албаны үйл ажиллагааг зангидах, манлайлах хариуцлагатай үүрэг хүлээдэг онцлогтой.

Уулзалтын эхэнд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг хэлсэн үгэндээ, “Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллах хугацаандаа байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулах, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах үлгэр дуурайлыг Та бүхэн үзүүлж ирсэн эрхэм хүмүүс. Гавьяаныхаа амралтаа авсан хэдий ч ажлын туршлага, дадлага тань одоо ажиллаж буй залууст үнэ цэн, үр өгөөжтэйг орхигдуулж боломгүй. Тиймээс ч хэлтсийн хамт олныхоо санаачилгыг дэмжиж, цайны цагийн богино хугацаанд ч болов үр дүнтэй байлгахаар урьсныг хүлээж авсанд баярлалаа“ гэсэн юм. 

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Ч.Гомбодорж “Төрийн хариуцлагатай албыг хашихад залуус та бүхэн тухайн ажилдаа дурлаж хийх нь нэгдүгээрт. Мөн өөрсдийгөө боловсруулж сурч, боловсрохыг эрхэмлэх. Ар гэрийн тань ажил орхигдох бэрхшээл тулгардаг учраас энэ байдлаа тэдэндээ сайтар ойлгуулж байгаарай. Ер нь төрийн алба 70 хувь, амины ашиг сонирхол 30 хувь байхаар хэмжээнд ажиллахыг л хичээж явах нь зүйтэй. Аливаад авах гээхийн ухааныг урьтал болгож сураарай” гэж зөвлөсөн юм.  

Мөн “Төрийн албаны тухай хуулиар харилцаа хандлагыг үнэлдэг болсон. Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эрхэмлэх нь чухал. Бичиг хэрэг хөтлөхөөс эхлээд бүхий л ажил үүрэгтээ нэн тэргүүнд хуулийг дагаж мөрдөж ажиллах, цагийн менежментийг баримталж хэвших нь чухал” гэдгийг ТЗУХ-ийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн асан Н.Цэцэгээ онцлов. 

Цаашид тус хэлтсийн бүрэлдэхүүн болон аймгийн ЗДТГ-ын нийт хамт олон ахмад мэргэжилтнүүдээс зөвлөн туслах үйлчилгээг тодорхой төлөвлөгөөний дагуу авч ажил мэргэжилдээ тусган хэрэгжүүлэхээр болжээ.

2021-08-03 05:39:05