• 12 сарын 31, Мягмар гараг
Цар тахлын нөхцөлд хичээлийн шинэ жилийг хэрхэн эхлүүлэх талаар Багш нарын бага хурлаар хэлэлцэв
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2021-2022 оны хичээлийн шинэ жилийг угтаж аймгийн БСУГ-аас  Багш нарын бага хурлыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулав.

         Уг хуралд аймгийн нийт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, багш нарын төлөөлөл халдвар хамгааллын дэглэм баримтлан танхим болон цахимаар оролцож цар тахлын амаргүй нөхцөлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхтэй холботой бэлтгэл ажлын хэрхэн хангаж буй тухайд хэлэлцлээ. Мөн аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхжаргал, НБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Наранбаяр нар хурлын үйл ажиллагаанд танхимаас оролцож, анхаарах зарим асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдын санал бодлыг сонсов.

“Цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалд эрдэм мэдлэгийг тасралтгүй түгээхийг мөрдлөг болгон ажиллаж улмаар 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд зургадугаарт орсон боловсролын салбарынхан, ЭЕШ-ын 800 болон 700-аас дээш оноо авсан 69 сурагч тэднийг бэлтгэсэн багш нэг бүрт талархал илэрхийлэн баяр хүргэе. Боловсролын чанар үзүүлэлтийг сайжруулахын тулд талуудын хамтран хэрэгжүүлсэн олон ажил, арга хэмжээний үр дүн гэж энэхүү амжилтыг дүгнэж байна. Жилээс жилд ахиулахын тулд боловсролын салбарын үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ-аас ямагт дэмжих болно.
      Өмнөх жилд дотооддоо  коронавируст халдвар алдаагүй, улс аймаг өвчиндөө зарцуулах хөрөнгөтэй, эрүүл мэндийн байгууллага нь нөөцтэй, эмч ажилчид нь ядарч туйлдаагүй нөхцөлд хичээл сургалтаа эхлүүлж байсныг та бүхэн тод санаж буй биз ээ. Тэгвэл энэ хичээлийн жилийг цар тахлын дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдсэн, вакцинд хамрагдаагүй олон хүүхэд багачуудтай, эмч, эмнэлгийн ажилчид маань хүрэлцэхгүй байгаа зэрэг хүнд нөхцөлд эхлэх боллоо. Аймгийн Онцгой Комиссийн зүгээс  хүүхэд багачуудынхаа боловсролыг онцлон анхаарч буй ч  эрүүл мэндийг нэн тэргүүнд чухалчилж сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний бэлтгэл бэлэн байдлыг удаа дараа нягтлан шалгахад урьдчилсан дүгнэлтээр хангалтгүй байгаа юм. Тиймээс аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жилд сургалтын үйл ажиллагааг ямар байдлаар эхлүүлэх тухайд Онцгой комиссийн хурлаар нягтлан хэлэлцэж, 31-ний өдөр шийдвэрээ танилцуулна” гэж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хурлын үеэр онцлов.

Мөн хичээлийн шинэ жилийн эхний өдөр Есдүгээр сарын нэгэнд Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг сурагчдад өгч,  зөв дадалд сургах хөтөлбөрөөр хичээл заах боломжтой эсэхийг судлахыг  БСУГазарт үүрэг болголоо.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

2021-08-31 06:55:36