• 12 сарын 31, Мягмар гараг
Боловсролын тэгш байдлыг дэмжих төслөөс 40 хүүхдэд дэмжлэг хүргэлээ
240 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021-09-29)  "Ковид-19" цар тахлын улмаас хүүхдүүд цахим болон теле хичээлд суралцаж байгаа ч 180 мянга орчим сурагч энэхүү хичээлд хамрагдах боломжгүй байгаа судалгаа гарсан. Нөхцөл байдлаас үүдэн Мобиком корпорациас “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “Smart education” төслийг улс орон даяар эхлүүлжээ.

Төслийн хүрээнд Баянхонгор аймаг дахь Мобиком корпорацийн салбар, “Дэлхийн зөн Баянхонгор” ОНХХ-өөс хамтарсан ажлын баг гарч, хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зарласан байна. Уралдаанд ирсэн 130 бүтээлээс 40 хүүхдийг төсөлд хамруулахаар сонгон авчээ.

Тэгвэл өнөөдөр эдгээр бүтээл нь шалгарсан 40 хүүхдийн төлөөлөл болгон 13 хүүхдэд төсөл хэрэгжүүлэгч талууд бэлгээ гардууллаа.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, хүүхдүүдийн сурах мэдэх их хүсэл тэмүүллийг дэмжсэн Мобиком корпораци болон "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-д талархал илэрхийлэв.

Боловсролын тэгш байдлыг дэмжих “Smart education” төслийн хүрээнд Мобиком корпорациас   Samsung Galaxy M12 гар утас, жилийн турш ашиглах  VOO үйлчилгээний 30 хоногийн багц, Academy дата багц, сар бүрийн  3GB дата багц, аав ээжтэйгээ үнэгүй ярих багц бэлэглэсэн бол "Дэлхийн зөн Баянхонгор" ОНХХ-өөс оюуны тоглоом бүхий бэлгийн багцыг мөн  гардууллаа.

“Smart education” төсөл хэрэгжсэнээр  сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч техник технологийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан үе тэнгийнхнээсээ хоцрогдох эрсдэлтэй байсан хүүхэд багачуудад томоохон дэмжлэг болж байна.

2021-10-04 02:06:31