• 12 сарын 29, Ням гараг
"Хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө"-г баталлаа
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

17/12/2021  Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар "Баянхонгор аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө"-г хэлэлцэн баталжээ. Төсөл санаачлагчид аймгийн БОАЖГ, "Цэвэр хот" ОНӨҮГ зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран,  БОАЖЯ-тай зөвшилцөн тус төлөвлөгөөг  боловсруулсан байна.

Мастер төлөвлөгөөний хүрээнд эрх зүй, технологи үйлдвэрлэл, санхүү менежмент, мэдлэг мэдээлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр тус бүр 31 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021- 2025 оны хугацаанд хэрэгжих дээрх  мастер төлөвлөгөөг  батлахдаа   иргэдэд нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, хог ангилан ялгалтад нийт ард иргэдийг сургаж ойлголт хандлагыг эзэмшүүлэх, гол орчмын хогийг тогтмол түүх явуулын үйлчилгээг бий болгох, хог тээврийн дуудлагын үйлчилгээг нэвтрүүлэх, хотын төвийн А бүсийг тамхины ишгүй болгох хүрээнд зориулалтын хогийн савыг шаардлагатай цэгүүдэд байршуулахад анхаарч үр дүнд хүрч ажиллахыг хэрэгжүүлэгч талд үүрэг болголоо.

Ташрамд дуулгахад, Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, зам талбай, барилгажилт тэлж аймгийн төв болон хөдөө орон нутгаас гарах хог хаягдлын хэмжээ эрс ихэсчээ. Баянхонгор аймгийн хэмжээнд 21 энгийн, хатуу хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг байгаа нь нийт 82.5 га талбайг хамарч байгаа бөгөөд 2020 онд нийт 59868,24 тонн хог хаягдал тээвэрлэн буулгажээ. 

Хогийн цэг дээр хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээг төрлөөр нь ангилбал, хүнсний бүтээгдэхүүний хаягдал 9938 тонн, барилгын хог хаягдал 8319 тонн, цаас цаасан бүтээгдэхүүний хаягдал 6658 тонн, хуванцар, гялгар уут 5511 тонн, шил шилэн бүтээгдэхүүний хаягдал 4711 тонн, төмөр 2394 тонн, цахилгаан барааны хог хаягдал 2201 тонн, автомашины эд анги 1770 тонн, бусад хог хаягдал 18362 тонн эзэлж байна.

2022-01-06 01:54:02