• 12 сарын 28, Бямба гараг
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ТАНГАДЫН ГАЛСАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
295 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-01-19 Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Туульч, Өөлд Тангадын Галсан абугайн 90 насны ой энэ онд тохиож байна.
 
Тэрбээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлсэн аж. Өдгөө тохиож буй 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нийт Хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, дурсгал гардуулсан сайхан үйл явдал Улаанбаатар хотноо боллоо.
 
Сонирхуулахад, Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн билчэрт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг хэмээн ардын уран зохиолч маань нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Т.Галсан МУИС-ын хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.
 
Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн хавсралтыг БНМАУ-д шатаажээ. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлсэнээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.
Монгол ардын баатарлаг туульд гол баатраа “Тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдаж төрсөн хэмээн гардаг. Үүний адил Т.Галсан “Номонд мэргэн, үгэнд цэцэн” зохиолч төдийгүй “Дээдэст зусаргүй, доодост найртай” шударга нэгэн болохыг түүний амьдралын замнал гэрчилнэ.
 
Түүний анхны шүлэг 1949 онд ”Пионерийн үнэн” сонинд нийтлэгдсэнээс хойш уран бүтээлийн олз омгоор дүүрэн, уран бүтээлийн эрэл хайгуулын жилүүд урсан үргэлжилсээр... 1958 оноос эхлэн радиогоор түүний ” Арвай хээр” найраглал сонсогчдын хүсэлтээр ахин дахин нэвтэрдэг байлаа. Энэ талаар М.Гаадамба: Т.Галсан “Арвай хээр” найраглал бичсэнээр эхлэн бичигч, залуу зохиолчын үеийг алгасч шууд яруу найрагчийн зэрэгт хүрэв хэмээн үнэлжээ. Утга зохиол шүүмжлэгч Д.Дашдорж “Арвай хээр дүүлэнхэн, Аръяахүү гийнгоолсоор” хэмээх томоохон шүүмж бичсэн нь ихээхэн шуугиан тарьж “Ренчин, Дамдинсүрэн нарын төрүүлсэн “Эсэргүү”-г магтлаа хэмээн ихэс дээдэст зэмлүүлж уг найраглал радиогоор уншигдахаа больжээ.Т.Галсанг Баянхонгорт байх үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир намын эсрэг бүлгийн толгойлогч гэгдэн нутаг заагдан очжээ. Т.Галсан барилгачин болсон гүн ухааны доктор, академичтай уулзаж сэтгэлийн зовлонг нь хуваалцаж дотноссон нь хамсаатан хэмээн хардагдаж улмаар “Төрсөн хүүгийн чинь үг” зохиолоо шатаалгаж, “Талын анхил цэцэг” номыг нь хэвлэхийг хоригложээ.
 
Монгол кино үйлдвэрт 18 жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичиж, 50 гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монгол кино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино “мультфилем” бүтээл гаргажээ. Өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэн 1986 оноос Боловсролын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн даргаар очиж “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийг “Хүн болох багаасаа” болгон өөрчилжээ. Энд нэрийг нь солиод зогсонгүй нийтлэлийн бодлого, агуулгыг нь эрс өөрчлөв. Мөн шүүмжлэлд их өртөх болсон “Оюунтүлхүүр” сэтгүүлийг өөд нь татаж, үзэг нэгт нөхөдтэйгээ нийлэн “Багш” сонин эрхлэн гаргажээ. Монгол бичгийн талаар олсон амжилтаа бататган, ахиулах, хэл соёлоо хамгаалах талаар Т.Галсан уйгагүй зүтгэл гарган тэмцсэнийг ард түмэн нэгэнт мэдэх билээ.
  

2022-01-20 07:06:47