• 12 сарын 28, Бямба гараг
"Баруун бүсийн Наркологийн төв"-ийг Баянхонгорт байгуулна
280 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-03-02 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна. Ажлын багийнхныг Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын удирдлагуудын хамт албан өрөөндөө хүлээн авч уулзав.

Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг хийсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг. Төрийн архив нь өөрийн барилгатай, тэр нь үйл ажиллагаагаараа улсад тэргүүлдэг зэргээр сайн жишээнүүд танай аймагт олон байна. Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачлан бодит ажил хэрэг явуулж байгаад салбарын сайдын хувьд ихэд олзуурхаж байгаа юм. Танай энэ төвийг дэмжин  урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон” гэснээр дараах асуудлуудыг орон нутагт шийдвэрлэж өгөхөөр болов.

- Жаргалтай амьдрал төвийг өргөтгөн ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий/ үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулна.

- Хуучнаар татварын хэлтсийн барилгыг балансаас балансад шилжүүлэх эрхийг олгож иж бүрэн тохижуулан шүүхийн шинжилгээний албыг өөрийн байртай болгоно.

- Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулна.

- Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчилнэ.

- Цагдаагийн газрын сум дундын тасгууд  болох Богд, Бууцагаан суманд туулах чадвар сайтай 2 автомашин олгоно

- Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай  нэг автомашин олгоно.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт туулах чадвар сайтай 1 автомашин олгоно.

- Төрийн архивын тасгийг хэлтэст харьяалуулалгүй тусдаа бие даасан статусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгох зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгнө гэв.

Засаг дарга Д.Мөнхсайхан, Орон нутагт ирж хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, чухал шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд хууль зүйн сайдад талархал илэрхийлээд шинээр байгуулах 100 ортой Наркологийн төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд үр дүнд хүргэн авч явах болно гэж албан ёсоор  илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн, тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай  тус тус танилцана.

2022-03-22 03:08:32