• 04 сарын 24, Лхагва гараг
"Билиг авьяас - Бидний бахархал 80" ардын урлагийн наадмын нээлт боллоо
245 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Билиг авьяас - Бидний бахархал 80" ардын урлагийн наадмын нээлт өнөөдөр (2022.06.28) Бөмбөгөр суманд боллоо. Энэ сарын 28,29-нд хоёр өдрийн турш үргэлжлэх тус наадмын нээлтэд Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Соёл урлагийн газрын дарга Ц.Азбаясгалан, Аймгийн Музей, Нийтийн номын сан болон Бөмбөгөр сумын удирдлагууд оролцов.
 

Соёлын биет бус өвийн "Нүүдэлчин Монгол" наадам, Баянхонгор аймаг байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан Аймгийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй тус наадамд 20 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 200 шахам авьяастан оролцохоор хүрэлцэн иржээ. Тодруулбал,

  • Эх хэл болон аман уламжлалууд,
  • Ардын язгуур урлаг,
  • Уламжлалт гар урлал,
  • Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам,
  • Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи,
  • Мал маллах арга ухаан,
  • Уламжлалт арга ухаан гэсэн долоон ай савын төрлүүдээр өрсөлдөх аж. Тус наадмаас тэргүүн байр эзэлсэн авьяастнууд есдүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулах Соёлын биет бус өвийн "Нүүдэлчин Монгол" наадамд Баянхонгор аймагаа төлөөлөх оролцох юм.
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, судалж сурталчлах, долоон ай савын хүрээнд өвийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, орон нутгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийг баяжуулах зорилготой энэхүү наадмын хүрээнд оролцогч, өвлөн уламжлагчдын бүтээсэн уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн /үндэсний хувцас, эсгий урлал, арьс ширэн урлал, наамал, уран хатгамал, дархны урлал, сийлбэр, мал аж ахуйн тоног хэрэгсэл, гоёл чимэглэл/, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдааг Бөмбөгөр сумын төвд мөн дэлгэжээ.

2022-06-28 13:18:46