• 04 сарын 26, Баасан гараг
Төрийн байгууллагуудын дэргэдэх "Ёс зүйн зөвлөл"-ийг чадавхжуулна
511 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар,Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулж буй “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн”-д оролцогч төрийн албаны 300 орчим төлөөлөл Тэмүжин театрын заалнаа өнөөдөр (2022.06.29 ) цуглажээ. Төрийн албаны нүүр царай болдог албан хаагч нь нэг талаас боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвартай байх, нөгөө талаас өндөр ёс зүйтэй байх нийтлэг шаардлага тавигдаж байна. Гэтэл цөөн тооны ёс зүйгүй, шударга бус төрийн албан хаагчдын буруутай үйлдэл нь нийт төрийн албан хаагчдын ёс зүйтэй үйлдлийг харлуулдаг. Улмаар төрд итгэх ард түмний итгэлд сөргөөр нөлөөлдөг.  Тиймээс Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид аймгийн хэмжээнд төрийн алба, албан хаагчдад үйлчлэх учиртай талаар энэхүү зөвлөгөөн онцлон хэлэлцэж буй юм.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Иргэдийг алагчлалгүй, ажил үйлчилгээгээ жигд сайн хүргэж чаддаг, хэдэн мянган албан хаагчдыг хэдхэн чадахгүй, ёс зүйгүй, сахилга батгүй хүнээс болж нийтээр нь харлуулж харагдуулах нь элбэг болсон байна. Зөвлөгөөнөөр хэн ямар алдаа зөрчил, ёс зүйгүй үйлдэл гаргасныг тоочиж суухдаа бус манай байгууллагын алба хаагчид хандлага зөвтэй, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйгээрээ яаж  манлайлж болох вэ гэдгийг зөвлөлдөж ярилцъя. Төрийн албаны нэр хүндийг сэргээх, иргэдийг чирэгдүүлэлгүй ажил үйлчилгээгээ хүргэдэг болоход байгууллагын дарга бүр тодорхой, ахицтай, үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг үүрэг болгоё” гэв.

Өнөөдөр Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд нийт 181 байгууллагад  5079 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 2020 онд 31 байсан бол 2022 онд 21 болж буурсан. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар төрийн захиргааны 10, улс төрийн 1, төрийн үйлчилгээний 19 албан хаагч, нийт 30 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргажээ.Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн үндсэн шалтгаан нь хүнд суртал, харилцааны доголдол, шударга бус үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварын дутмаг байдал байна. Тиймээс аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-ийг чадавхжуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах,  төрийн албан хаагчдаас гаргах гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байгааг зохион байгуулагчид тодотголоо.

Ташрамд дуулгахад, аймгийн 181 төрийн байгууллагын 97 нь ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллаж, нийт 123 удаагийн сургалт, зөвлөгөө, мэдээллийг 1387 төрийн албан хаагчдад өгсөн байна.

 

Зөвлөгөөнд Эрүүл мэнд, Боловсролын салбар болон Богд, Бууцагаан,Баянговь сумын удирдлагууд байгууллагынхаа  хэмжээний нөхцөл байдлын талаар сонсгол тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх гол тулгуур асуудлын хүрээнд  “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, “Хүний эрхийн зөрчил: Ковид-19 Цар тахлын сургамж” сэдвээр ГХШХ-ийн дарга Г.Ууганбаатар, “Ажлын байрны дарамт хүчирхийлэл ба хүний эрх”, сэдвээр референт Д.Ёндонжамц нар хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн бол ТАЗ-ийн Ажлын албаны дарга Г.Билгүүн, Маргаан хянах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл нар “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.

Түүнчлэн, Төрийн албан дахь ёс зүйгүй, соёлгүй, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй, соёлтой, шударга үйлдлийг түгээн дэлгэрүүлэх асуудлаар өнөөдрийн зөвлөгөөн дээр гарсан шүүмж, санал, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохыг уриалж,

  • Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 2020 оны 02 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах;
  • Байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  • Удирдах ажилтны ёс зүй, сахилгын зөрчил гаргахгүй байх;
  • Төрийн албанд шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс төрөөс ангид байж, чадахуйн /мерит/ тогтолцоог бүрдүүлэх;
  • Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх;
  • Төрийн албаны удирдах ажилтнууд болон төрийн байгууллагуудын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-ийг чадавхжуулснаар төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага сайжирч, төрийн албан хаагчдаас гаргах гэмт хэрэг, ёс зүйн зөрчил бууруулах, гэмт хэрэг, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлхээр тогтлоо.
 

 

 

 

 

 

 

 

 

           

2022-06-29 16:53:15