• 12 сарын 28, Бямба гараг
Чулуун царгилыг брэнд болгон хөгжүүлж байна
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1950-аад оны үеэс Баянхонгор аймгийн Соёлын ордныхон Түйн голоос түүсэн чулуугаараа ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байжээ. Тус хөгжмийн зэмсгийг "Чулуун царгил" гэнэ.

Чулуун царгилыг Баянхонгор аймгийнхан брэнд болгон хөгжүүлж байгаа бөгөөд сум бүрт чулуун царгилын чуулгатай болж, нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа аж. 

Өдгөө  Баян-Өндөр сумын Чандмань уулын баруун талаас нь до, зүүн талд нь соль гэсэн хөгтэй байгалийн чулуунууд олддог байна. Тус уулыг соёлын өвийн хамгаалалтад авсан учраас чулуу авах хориотой болжээ. 

Мөн Баянхонгорын өөр сумдаас ч дуут чулуу олддог ч чулуунуудыг энд тэндээс нь эмтлэх, бага зэрэг цуулж байж үндсэн хөгийг нь үүсгэдэг байна. Хангайн талд тийм чулуунууд байдаггүй, байсан ч битүү дуутай, харин говийн чулуу царгиж дуугардаг учраас "Чулуун царгил" гэдэг аж. 

Сонирхуулахад, Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд “Ардын язгуур урлаг”-ийн 39 дүгээр хэсэгт Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрын “Чулуун царгил хөгжим тоглох урлаг” бүртгэгдсэн байна. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 375 жилийн ойгоор “Жалам хар”, "Дээшээ дээшээ” дууг 375 хүүхэд тоглож байжээ.

2022-07-04 21:12:33