• 12 сарын 27, Баасан гараг
Өмнөх оны үлдэгдэл 270 тонн өвс, тэжээл нөөцөд байна
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэж, шаардлагатай цэгүүдэд байршуулах, отроор өвөлжиж, хаваржих болон тарга хүч муу авсан, бэлчээрийн даацаас хэтэрсэн эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай малын судалгаа тооцооллыг хийж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна.

Энэ дагуу өнөөдөр (08.22) Засаг даргын орлогч Б.Батсуурь, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Хишигбаатар, ХХААГ-ын дарга У.Балжинням нар аймгийн өвс, тэжээлийн нөөц, хадгалалтын байдалтай газар дээр нь танилцаж, өмнөх жилийн үлдэгдэл хэр байгаа, ашиглах боломжтой эсэхийг газар дээр нь үзлээ.

Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өмнөх жилийн бэлдсэн улаан хивэг болон хорголжны нийлбэр үлдэгдэл 140 орчим тонн байгаа бол Жаргалант сумын “Хун толгой”ХХК-иас авсан 6000 боодол өвс, Өвөрхангай, Улаанбаатар хотоос авсан нэг наст ургамал буюу солоом 13000 боодол байна. Гэвч аймгийн аюулгүйн нөөцийн хадгалалтын хашаа ил задгай байдлаар хадгалдаг тул хорогдлыг 30 хувиар тооцож, шилжүүлж үзэхэд нөөцөд 130 орчим тонн өвсний нөөцтэй аж. Ийнхүү тооцвол 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас өгч буй урьдчилсан албан даалгавар болох аймаг орон нутаг 50 тонн тэжээл, 100 тонн өвс бэлтгэх нөөц манай аймагт хангалттай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөг аймгийн Онцгой комиссын хурлаар энэ сард хэлэлцэн баталж, Засаг даргын захирамжаар үүрэг болгон хэрэгжүүлж ажиллах юм.

  

  

2022-08-22 16:45:15